“САКУРА” олон улсын сургууль шилдгийн шилдэг ГРАНД цом хүртлээ
Улс орны хөгжил дэвшлийн түүчээ нь бидний гэрэлт ирээдүй юм. Иймд МММ-ийн Хүрээлэн GrandAwards наадмын шилдгийн шилдэг Grand цомын эзнээр боловсролын байгууллагыг нэрлэлээ.
Сакура Олон улсын сургууль 1999 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын ууган хувийн сургуулиудын нэг юм. 2018 онд их бүтээн байгуулалтын ажил хийгдэж шинэ сургуульдаа орсон. Шинэ барилга нь нийт 10.000 орчим м.кв талбайтай бөгөөд 50 гаруй анги танхим, хими, биологи, мэдээлэл зүй, физикийн иж бүрэн лабораторитой. Англи, япон хэлний кабинет, уран зураг, баримал, шатар, бүжиг, дуу хөгжим зэрэг чиглэл тус бүрээр тохижуулсан дугуйлангийн танхимуудтай. 200 хүний суудалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан урлагийн заал, 150 хүүхдийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай хоолны газартай.
Түүнчлэн орчин үеийн номын сан, номын фонд, видео хичээлийн танхим, компьютерийн иж бүрэн кабинет гэх мэтчилэн сурагч хүүхдүүдийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэхүйц орчинг бүрдүүлсэн болно. Нийт багш нарын 80% нь эрдмийн зэрэг цолтой. Спортын их мастер, Дэлхийн шатрын холбоо буюу ФИДЕ-н олон улсын хэмжээний их мастер, Монгол улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул зэрэг багш нар нь нэг хамт олон болон ажиллаж байна. Нийт төгсөгчдийн 40 хувь нь Японд суралцаж, эрдэмтэй, хүмүүнлэг монгол хүн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Японы Нагаока болон дэлхийн бусад их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эх орондоо ихийг бүтээх боловсон хүчин бэлтгэх суурийг тавилцаж байна. Сурагчдаа эх орон, эх хэл, байгаль дэлхийгээ хайрлан хүндэлдэг, эрхэмлэдэг болгон төлөвшүүлэхийн тулд хүсэл сонирхолд нь нийцсэн шинэлэг, орчин үеийн эрэлт хэрэгцээг хангахуйц сургалт, хүмүүжлийн ажил зохион байгуулахыг чухалчилж ирсэн хамт олон юм.
