//Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна

РЕНТГЕН ЗУРАГ АВХУУЛАХ ГЭЭД ЭМНЭЛЭГ ДЭЭР ЯВЖ БАЙНА

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2019.01.13/ “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Энэ барилдаанд Монгол Улсын харцага Оргихийн Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн. Уг барилдааны дөрвийн даваанд Н.Батсуурь аварга Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат аймгийн арслан Б.Лхагвадоржийг давахдаа бөхийн ёс жудагт нийцэхгүй үйлдэл гаргаж бөх сонирхогчдыг дургүйцлийг хүргээд байна. Тэрбээр залуу бөхийг бэртэл авч болохуйц байдлаар унагасан юм. Бүр цаашилбал нуруу нугасандаа бэртэл гэмтэл авах, амь насанд нь аюул учрах хэмжээнд аюултай мэх хийсэн гэдэгт олон хүн санал нийлж байгаа.

Н.Батсуурь аварга “Гарьд магнай” киноны Амбатны Цагаан Жигмэд шиг залуу бөхийг хайрлахгүй авч шидсэн. Азаар залуу бөх Б.Лхагвадорж бэртээгүй байна. Н.Батсуурь арслан цолтой байхдаа мөн л жудаггүй үйлдэл гаргаж байсан удаатай. Тодруулбал, Увс аймгийн 90 жилийн ой 2015 онд тохиосон. Ойн бөхийн барилдааны шөвгийн дөрвийн барилдаанд Н.Батсуурь аварга Ховд аймгийн харьяат улсын харцага Б.Пүрэвсайхантай хүч үзсэн. Барилдааны үеэр харцагын шанаанд дэлсэж, ер нь л зодох маягтай юм болж, төрсөн нутгийнхаа ойн баяр наадмын дэвжээн дээр зочин бөхөд барилдахдаа яав даа гэмээр араншин гаргаж байсан удаатай. Мөн 2014 оны Үндэсний их баяр наадмаар үзүүр түрүү булаацалдах үеэрээ Ч.Санжаадамба аваргын завжнаас нь татаж тухайн үед “Зүүн хацрын сэнжигний барьцаар арслан цолны болзол хангалаа” хэмээн бөх сонирхогчид ярилцаж байлаа.

Бөх сонирхогчид “Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна шүү. Барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах талаар МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдах хэрэгтэй. Барилдаж чадахгүй чих хазна, гараараа завж ханзална, уначхаад босохдоо мөргөнө, хүний нуруу нугас таслах шахлаа, аавтайгаа нийлж төрийн цагдаа зодно. Бөх хүн давж болно л доо. Гэхдээ бөхийн жудаг ёс, хүнийг хайрлах сэтгэл гэж нэг юм баймаар. Монголчууд бөхөө үзэж баясдаг. Гэтэл энэ мэтчилэн аварга, арслан цолтнууд залуу бөхчүүдийг хайр, найргүй авч шидээд, тэдний эр зоригийг, ирээдүйд аварга болох хүсэл мөрөөдөлтэй нь хамт унтраахаас гадна өндөлзөж хүлээдэг олныхоо сэтгэлийн “Эвийг аллаа” хэмээн дуу алдуулахад хүргэлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байна. Уг нь аварга хүн цолондоо дүүрэн барилдаж, цаанаа л жудагтай байдаг сан.

Бид энэ асуудлаар МҮБХ-той утсаар холбогдож Н.Батсуурь аваргад хариуцлага хүлээлгэх үү гэж асуухад “Бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж байж Н.Батсуурь аваргад хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэнэ. Дангаараа шийддэг асуудал биш” гэсэн тайлбарыг өглөө.

Н.Батсуурь аваргад өвдөг шороодсон залуу бөх Б.Лхагвадорж нь 1998 онд төрсөн. 2015 онд Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Бундхорлоор найм даван түрүүлж аймгийн арслан  цол хүртэж байжээ. Тэрбээр шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн барилдаанд:

  • Нэгийн даваанд аймгийн харцага Ж.Энхбаатар
  • Хоёрын даваанд аймгийн арслан Ө.Сүхбат
  • Гурвын даваанд улсын начин Л.Гантулгыг өвдөг шороодуулан барилдав.

Б.Лхагвадорж 17 насандаа аймгийн арслан цолны болзол хангаж Үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргаар гурван удаа тодорч, жүдо бөхийн өсвөрийн улсын аваргын алтан медальтай өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм байна. Тэрбээр их спортоор хичээллэдэг, унаж сурсан учраас өчигдрийн барилдааны үеэр бэртэл аваагүй аж. Түүнээс биеийн байдлыг нь тодруулахад “Миний бие зүгээр. Барилдааны үеэр биеэ сулласнаас хүзүүгээрээ эвгүй унасан. Рентген зураг авхуулах гээд эмнэлэг дээр явж байна. Н.Батсуурь аваргатай янз бүрийн асуудал болоогүй” гэсэн тайлбарыг өгөв.