//Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв

Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв

БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Солонгос дипломат ажилтан доороо ажилладаг Монгол эмэгтэйн биед халдаж, хүчирхийлсэн гэх агуулгатай видео бичлэг цацагдаад байна. Уг үйл явдал Солонгос улсын ЭСЯ-ны байранд болсон гэх бөгөөд бичлэгийг хяналтын камер ажиглаж суусан хамгаалалтын ажилтан хийсэн бололтой. Тэрээр бичлэг дээр “Камер ажиглаж байхад эмэгтэйг өрөө рүү чирж оруулсан, би 7 давхарт гарч ирээд үүднээс нь чагнахад зодож байгаа нь дуулдсан, энэ тухай ахлахад хэлэхэд хувийн сектор руу нэвтэрч болохгүй, цагдаа дууд гэсэн” хэмээн ярьсан байдаг.

Болсон үйл явдлыг бичлэгээс таамаглахад “Солонгос дипломат ажилтан болон Монгол ажилтнууд согтууруулах ундаа хэрэглэж улмаар Монгол эмэгтэйг эрчүүд нь дотно харилцаанд орохыг тулган шаардаж, эсэргүүцэл үзүүлэхэд нь хувцсыг нь нууж, зодож тамласан байх” нь харагдана. Монгол эмэгтэй ажилтан ямар ч хувцасгүй, Солонгос дипломатад наалдан суух бөгөөд өөр нэгэн Монгол эрэгтэй ажилтан цээж нүцгэнээр “Би чамайг зодсон юм уу” гэх зэргээр мэлзэж буй нь бичлэгт үлджээ.

-СОЛОНГОС ИРГЭН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ АЖИЛТАН БИШ БАЙСАН ГЭВ-

Энэ үйл явдал 2018 оны наймдугаар сард болсон бөгөөд өдгөө хүртэл нууцлагдмал байж байгаад иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хаягаар нэр, нүүрийг нь нууж дэлгэснээр олны анхаарлыг татаад байна. БНСУ-ын нэр хүндтэй шууд хамаатай энэ хэргийг Солонгосын хэвлэлүүд ч бичиж эхэлсэн бөгөөд тус улсын нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг “JTBC” телевиз энэ сарын 11-нд өөрийн мэдээллийн сувгаараа дамжуулан уг хэргийг мэдээлжээ.

Дээрх мэдээнд “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны ажилтан хэсэг хүмүүстэй оройн хоол идсэнийхээ дараа Монгол эмэгтэйг зодож, хүчирхийлэхийг завдсан. Эмэгтэйг коридорт чирж байхыг харсан хамгаалагч гар утсаараа бичлэг хийж өрөөнд нь орсноор энэ хэрэг олон нийтэд ил болжээ. Үүнийг тус дипломат ажилтан өөрийн улсын Гадаад харилцааны яаманд тайлбарлахдаа “Байгууллагын өдөрлөг болж байсан бөгөөд унтаж байхад хооронд ажилчид маргаан үүсгэсэн, энэ үед байрны хамгаалагч гаднаас орж ирэн бичлэг хийж эхэлсэн тул хувцасгүй байсан эмэгтэйн биеийг нь халхалж өгсөн” гэжээ. Одоогоор хэргийн үйл явцыг шалгаж байгаа бөгөөд хэрэг шийдэгдээгүй байна” хэмээжээ. Мөн мэдээний төгсгөлд холбогдох этгээдийг БНСУ-ын талаас шалгахад ЭСЯ-ны харьяа бус өөр байгууллагаас томилолтоор очсон нэгэн болохыг тогтоосон тухай дурдсан байна.

Энэ талаар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч “Энэхүү үйл явдал нь фэйсбүүк дээрх тайлбараас өөр бөгөөд БНСУ-ын ЭСЯ-ны Монгол ажилтануудын хоорондох маргаан. Хэрэгт холбогдсон МОНГОЛ АЖИЛТНУУД НЬ өөрсдөө “ӨӨР ХООРОНД БОЛСОН МАРГААН” ГЭЖ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН. Харин тус бичлэгийг оруулсан Монгол иргэнийг зөвшөөрөлгүйгээр хуурамч мэдээлэл цацан, хувь хүний нэр хүндэд халдсан хэмээн цагдаад гомдол гаргасан. Одоогийн байдлаар хэрэг явдлын үнэн бодит байдлыг тогтоохоор шалгаж байгаа, үр дүнгээс хамааран арга хэмжээ авах болно” гэсэн хариуг өгч байна.

Нэр, нүүрийг нь нууцалснаас энэ дипломат ажилтан ямар албан тушаал хашдаг, хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэсэн ч улс гүрнийг төлөөлөн харь нутагт суугаа дипломат албан тушаалтны хувьд зохисгүй үйлдэл үзүүлсэн, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн байх магадлалтай тул тус улсын хуулиар улс руу нь эргүүлэн татах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Солонгосын талаас өөрийн улсын нэр хүндийг бодолцож хэрэгт холбогдогчийг Элчин сайдын яамны ажилтан биш гэсэн мэдээллийг олон нийтийн хэрэгслээрээ цацаад байгаа ч хэргийн үнэн мөн одоогоор тодорхой бус хэвээр байна.