//ЭТТ компанийн захирал асан Г нарын гурван хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгалаа

ЭТТ компанийн захирал асан Г нарын гурван хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгалаа

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г нарын гурван хүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Г эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Г, Э, Э нарыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хүргүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэх ёстой. Ийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх яллагдагч нарын цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэр гаргасан байна.