Хил дамнасан худалдааг хөнгөвчлөх зорилгоор Монгол Улсад хэрэгжиж буй төслийн үргэлжлэл болгож, нэмэлт хоёр хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэн засварлах 27 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр баталлаа.
Одоо хэрэгжиж буй Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг, Сүхбаатар боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж байна. Уг төслийн үргэлжлэл болгон олгож буй, өнөөдөр батлагдсан нэмэлт санхүүжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт, Увс аймаг дахь Боршоо боомтыг тус тус шинэчлэн сайжруулах юм.
“Хилийн боомтууд дахь барилга, байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх замаар худалдаа эрхлэхэд зарцуулж буй цаг хугацаа, зардлыг бууруулах боломжтой. Энэ ч утгаараа Монгол улсын засгийн газарт үзүүлж буй АХБ-ны дэмжлэг нь худалдаа эрхлэх ажиллагааг илүү ил тод, үр дүнтэй болгож худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэнэ” хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал тэмдэглэлээ.
Мөн түүнчлэн одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд хийгдэж байгаа Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС системийн өргөтгөл, гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлыг шинээр сонгогдсон хоёр боомтод нэвтрүүлэхийн зэрэгцээ шинэ төслийн хүрээнд хилийн дөрвөн байгууллагын ажилчдын чадавхыг орон даяар бэхжүүлнэ.
Эдгээр хилийн боомтоор дамжин хийгдэх ОХУ, БНХАУ-тай хийх хоёр талын худалдаа болон транзит ачаа тээврийн эргэлт цаашид өснө хэмээн Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм.