//“Монгол Улсын Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт уулзалт боллоо

“Монгол Улсын Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт уулзалт боллоо

МҮХАҮТ, УИХ-ын Төсвийн байнгын хороотой хамтран “Монгол Улсын Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгууллаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, мэргэжлийн холбоод, ААН-ийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, Төсвийн төлөвлөлт, тогтвортой байдал, гадаад зээл тусламж, төсвийн орлого, зарлагын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төсвийн бодлогын шинэчлэлд судлаачид болон олон нийт, бизнес эрхлэгчдийн бодит санал санаачилга, оролцоо чухал гэдгийг онцлоод төсөвтэй холбоотой асуудлаар бизнес эрхлэгч, ААН-үүдтэй хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хувийн хэвшлийн эрхэлж болох бизнесийн үйл ажиллагааг төр явуулахгүй байх, Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах болон төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг хийх гэх мэт эдийн засгийн холбоотой асуудлуудад хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо чухал учраас холбогдох хуулийн төслүүдэд саналаа ирүүлэх хэрэгтэй гэлээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээний хүрээнд анхаарах асуудлын талаар болон МҮХАҮТ-аас төсвийн төлөвлөлт, төсвийн төсөлд өгөх саналыг танилцууллаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эрсдэлийг тооцож, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, орлогыг хэрэгжихүйц байдлаар төлөвлөх, төсвийн алдагдлыг бодитойгоор бууруулах, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, өрийн эмзэг үзүүлэлтэд онцгой анхаарах, халамжаас хөдөлмөрт шилжих арга хэмжээг төлөвлөх, төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан хэлбэрт шилжүүлэх зэрэг саналыг хэлэв.

Үүний дараа Төсвийн бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын зүгээс төсөвт хөндлөнгийн аудит хийх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх, экспортыг дэмжих бодлого гаргах , цар тахлын үеэр ажлын байраа хадгалж, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд болон ажлын байрыг олноор нэмэгдүүлж буй ААН-үүдэд тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг санал гарлаа гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.