“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан.
Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлсэн бөгөөд эдгээр иргэний мэдээллийг эрэмбэлж дуусчээ.
Цахим бүртгэлд
- “Залуу гэр бүл” ангилалд – 4443,
- “Төрийн албан хаагч” ангилалд – 6542,
- “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд – 9549,
- “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд – 960,
- “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд – 3148,
- “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд – 7166,
- “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд – 3134,
- “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд –116 иргэн бүртгүүлээд байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 09-ний өдрийг дуустал бүртгэлд хамрагдсан нийт 35,058 иргэдийн анкетын мэдээллийг шүүж эрэмбэлжээ.
Эрэмбэлэгдсэн иргэдийн мэдээллийг холбогдох байгууллагуудаас авах, нягтлан шалгах ажил хийсэн бөгөөд одоогоор хүсэлтийн дагуу эрэмбэлэгдсэн иргэдэд эхний шатанд тэнцсэн тэнцээгүй талаар мэдэгдэл хүргүүлж байна гэж Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээллээ.