Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоолыг дөнгөж сая гаргалаа. Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрыг 153482.37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540.37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 869540.47 га газарт буюу бүхэлд нь ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо.
Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай Засгийн газрын тогтоолыг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” 2.3.1-д “… Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” 3.2.1-д “Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх”, “Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” хэмээн тодорхойлсон төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталжээ.
Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар УИХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газраар бүртгэсэн юм. Орон нутгийн хувьд Тост, Тосон бумбын нурууг Өмнөговь аймгийн ИТХ-аас 2010 онд 668912 га, Гурвантэс сумын ИТХ-аас 671180 га талбайгаар тус тус хилийн заагийг тогтоож байв.
Ийнхүү Засгийн газрын өнөөдрийн /2019.08.14/ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482.37 га газар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг Тост, Тосон Бумын нуруунд олгогдсон хайгуулан болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр болсон байна. Мөн хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт, мэдээллийн санд бүртгэхийг БХБ-ын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгасан байна.
ВИДЕО БИЧЛЭГ:
ШУУД: Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ
Posted by Zindaa.mn on Tuesday, August 13, 2019