//Хятад ченжүүд “Эмээлт”-д төлөг, шүдлэн хонины махны эрэлтийг нэмэгдүүлжээ

Хятад ченжүүд “Эмээлт”-д төлөг, шүдлэн хонины махны эрэлтийг нэмэгдүүлжээ

Энэ хавар махны үнэ зогсолтгүй өссөөр нэг кг үхрийн мах 16500 төгрөгт хүрч ард түмэн Ч.Улаан сайдыг ажлаа хийхийг “баахан” шаардсан ч амжилтыг эс олж мах тансаг хэрэглээ болон хувирч, дайвар бүтээгдэхүүнээр хоногийн хоолоо залгуулахаас аргагүйд хүрсэн. Монголчуудын хувьд стратегийн амин чухал хүнсний үнэ бага зэрэг өсөхөд л иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. Тиймээс үе үеийн Засгийн газар үнийг тогтвортой байлгах бодлого /нөөц бүрдүүлэх/ хэрэгжүүлдэг. Харамсалтай нь энэ бодлого алдагдсан. Дотоодын махны зах зээлд БНХАУ-ын наймаачид орж ирснээр сүүлийн хоёр жил хот суурин газрын иргэд махаар гачигдаж, өндөр үнээр махаа худалдан авч байгаа. Харин сүүлийн үед “Эмээлт” зах дээр махны үнэ буурч байна” гэх таатай мэдээ сонсогдох болов. Тиймээс бид амралтын өдрөөр эл захыг зорилоо.

Жилийн дөрвөн улирлын туршид халуунд халж, хүйтэн хөрж өсгөсөн хэдэн малаа сургалтын төлбөр болгохоор ирсэн малчид “Эмээлт” захад олон байв. Тэд машинаас бууж буй хүмүүсийг угтан “Тарга тэвээргээ сайн авсан хонь байна шилээд аваарай. Үнийг нь буулгаад аваараа” хэмээн наана цаана нь орж гүйнэ. Махны үнэ хавартаа өсөж, намартаа буудаг зүй тогтолтой. Тийм ч утгаараа наадмаар 290 мянгад хүрч байсан эр хонь 220 мянган төгрөгт хүрч зах зээлийн бодит ханшиндаа хүрчээ. Тус зах дээр амьд сарлаг нэг сая төгрөг, тэмээ 600-800 мянга, үхэр 800-1.2 сая, хонь 120-220 мянган төгрөгийн ханштай байв.

БАГА МАЛЫН МАХЫГ ХЯТАД ЧЕНЖҮҮД ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУДАЛДАН АВДАГ БОЛЖЭЭ

Хэдэн малаа ачааны машин дээр ачаад нийслэлийг зорин ирж буй малчдын тоо наймдугаар сард эрс нэмэгддэг учраас “Эмээлт” зах дээр махны үнэ буурчээ. Тухайлбал, нийслэлд хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9785 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 11940 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 265 төгрөгөөр буурсан бол үхрийн цул махны үнэ 361 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг. Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгийн ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 325 төгрөгөөр буурсан бол хонины цул махны үнэ 595 төгрөгөөр буурсан. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөгөөр, харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөгөөр худалдаалж байна.

“Эмээлт” зах болон нийслэлд махны үнэ буурч байгаа ч гэсэн төлөг, шүдлэн насны хонины мах эрэлт ихтэй байна. Учир нь нийслэлчүүд өөх багатай, мах нь зөөлхөн гэдэг утгаар нь төлөг, шүдлэн хонийг “Эмээлт” захаас ихээр худалдан авдаг байна. Гэтэл сүүлийн үед бага малын мах худалдаж авна гэдэг нийслэлчүүдийн хувьд өвсөн дундаас зүү хайх мэт хэцүүхэн зүйл болжээ. Учрыг нь малчдаас асуутал “Хятадууд сүүлийн үед төлөг, шүдлэн хонины махыг их хэмжээгээр худалдаж авдаг болсон. Өдөр бүр 20-40 тоннын хөргүүртэй машин ирж “Эмээлт”-ийн ченж нараас төлөг, шүдлэн хонины мах бөөндөж авдаг. Нас бие гүйцсэн хонины мах өөх ихтэй байдаг гээд тоож ч харахгүй юм билээ” хэмээн хуучилж байв.

“Хүчит шонхор” зах дээр ч гэсэн бага малын махыг хятадууд худалдаж авдаг болоод уджээ. Ингэхдээ хятад хүн мэдээж зах дээр мах аваад явна гэж байхгүй. Харин гар хөл болсон нөхдөөрөө хийлгэдэг аж. Хөдөөнөөс орж ирж буй махыг ийнхүү бөөндөж авахын зэрэгцээ жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ченжүүдээс ч бага малын мах их хэмжээгээр худалдан авч байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс зохих шатны байгууллага нь анхааралдаа авна биз ээ.