//А.Ариунзаяа: Цагаан сараар гурав хоног амарна

А.Ариунзаяа: Цагаан сараар гурав хоног амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын өдөр үү эсвэл амралтын өдөр байх уу гэсэн эргэлзээ үүсээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хаягаараа үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд Цагаан сараар 3 хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.

“Энэ жил шинийн 3-н гэж байхгүй, харин хоёр шинийн долоонтой” гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал.

Цагаан сараар гурван хоног амарна. Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй. Ирэх жил хэрвээ Шинийн 2-н гэж байхгүй гэсэн ч зарчим баримтлах нь зөв гэж үзэж байна” гэв.