//“Танд хавдар байна гэхэд нүдний өмнүүр амьдрал жирэлздэг юм билээ”

“Танд хавдар байна гэхэд нүдний өмнүүр амьдрал жирэлздэг юм билээ”

Бүсгүй та 30 нас хүрсэн үү? Хэрэв та 30 нас хүрсэн бол танд заавал, зайлшгүй хамрагдах ёстой нэг шинжилгээ бий.

Энэ бол умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ. 30 нас гэж тодотгосон учир нь, та бэлгийн идэвхтэй амьдралтай болсноос хойш гурван жил тутам дээрх шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм.

Үр дүнд нь умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилж чадвал бүрэн эдгэрэх боломжтой. Харин хожимдвол энэ боломж хумигдаж, хорт хавдар томрох тусам шархлаа хүндэрч, ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцгийн хана, сүүжний ясны мэдрэл гэмтэж нуруу, хөл өвдөх, хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрснээр таны идэвхтэй, эрүүл амьдралын хэв маяг алдагдаж эхэлнэ.

Тиймээс умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн ач холбогдлыг мэдэх нь тун чухал юм. Энэ талаар умайн хүзүүний хорт хавдраа эхэн үед нь оношлуулж, мэс засал хийлгэн өдгөө эрүүл саруул, энгийн амьдралдаа шилжин ажлаа хийж яваа … дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлгийн сувилагч М.Канияа өөрийн түүхээ хуваалцлаа.

-Би эрүүл мэндийн байгууллагад 38 дахь жилдээ ажиллаж байгаа, сувилагч мэргэжилтэй хүн. Өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний өмөнг илрүүлэх үзлэгийг 2016 оноос хийж эхэлснээр ажил мэргэжлийнхээ үүднээс умайн хүзүүний өмөн гэж юу болох, хорт хавдар юунаас болж үүсдэг талаар судалгаа хийж эхэлсэн.

Ингээд 2012 онд умайн хүзүүний өмөнг илрүүлэх эсийн шинжилгээний ач холбогдлын талаар 150 хүнд илтгэл тавьж байлаа. Дараа нь 2016 онд “Умайн хүзүүний өмөнг илрүүлэх эсийн шинжилгээний үр дүн” сэдвээр илтгэл бэлтгэж уралдаанд оролцоод гуравдугаар байрт шалгарч байсан. Мөн олон эмэгтэйчүүдийг шинжилгээнд хамруулсан.

Би өөрөө судалсан, бас сувилагч хүн учраас умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг арга бол ерөөсөө л эрт илрүүлэг юм байна гэдгийг мэддэг учраас 42 наснаас хойш нийтдээ зургаан удаа умайн хүзүүний өмөнг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан.

Гэхдээ эмнэлэгт ажилладаг, сувилагч байлаа гээд өвчин хүнийг тойрох биш, хамгийн сүүлд өрхийн эмнэлэгтээ үзлэгт ортол “эсийн өөрчлөлттэй байна” гэдэг хариу гарсан. Ингээд Хавдар судлалын үндэсний төвд очиж эдийн шинжилгээ хийлгэтэл “Хавдрын эс байна” гэсэн дүгнэлтийг эмч танилцууллаа.

Хавдар гэдэг үг хүний сэтгэлд их хүндээр буудаг юм билээ, “Одоо яана аа” гээд ёстой л нөгөө нүдний өмнүүр амьдрал жирэлзэж айдас, сандрал зэрэг төрсөн. Гэхдээ тэгж тэвдэж явсан өдөр ард хоцорч, өнөөдөр эрүүл саруул болчихоод сууж байгаа минь хорт хавдрыг эрт илрүүлсний л ач тус.

ХСҮТ-ээс шинжилгээний хариугаа сонссон даруйдаа эмчтэйгээ уулзаад мэс ажилбар хийлгэсэн юм. Түүнээс хойш есөн сар болж байна. Биеийн байдал минь сайн, зовиурлах зүйл алга. Хэвийн л ажлаа хийж байна даа.

Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 нас хүртлээ гурван жилийн давтамжтайгаар өрхийн эрүүл мэндийн төвдөө үнэ төлбөргүйгээр хамрагдаж байх ёстой. Учир нь умайн хүзүүний хорт хавдар гэнэтхэн нэг өдөр үүсчихдэггүй. Тодорхой хугацаанд үүсэх эрсдэлтэй, эхэн үедээ зовиур илэрдэггүй учраас гурав, гурван жилийн зайтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм.

Миний хувьд 42, 45, 48, 51, 53 насандаа таван удаа шинжилгээ өгөөд, хамгийн сүүлд 57 настайдаа үзлэгт ортол эсийн өөрчлөлттэй гарсан. Азаар би эрт илрүүлж чадсан учраас “Хавдрын урьтал үе байжээ” гэдгийг эмч хэлсэн. Тиймээс умайн хүзүүний өмөнгийн хавдрыг эрт илрүүлж, эрүүл саруул амьдарч болдог юм байна гэдгийг бүсгүйчүүддээ захиж хэлмээр байна.

Өөрөө туулж давсан хүний хувьд бүсгүйчүүддээ зөвлөхөд, хэрэв умайн хүзүүний өмөнгийн шинжилгээ өгөөд эсийн өөрчлөлттэй гарвал зөв газраа очиж оношлуулах хэрэгтэй. Зарим хүн хувийн эмнэлгээр яваад “Гайгүй байна” гээд тайвширч хүндрүүлэх тохиолдол байдаг. Тиймээс шинжилгээгээр эсийн өөрчлөлттэй гарвал нэн түрүүнд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж, эрт үедээ оношлуулж чадвал умайн хүзүүний өмөн эдгэрэх боломжтой шүү.