Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил юм. Гүйцэтгэгчээр “Эрдэнэт Лайт” компани ажиллаж барилгын суурийн ажлыг дуусгаад байна. Наймдугаар сарын нэгнээс эхлэн барилгын үндсэн багануудыг барих ажил эхэлнэ. Молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил одоогоор 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бүтээн байгуулалтын ажил он дуустал үргэлжилж ашиглалтад хүлээн авах юм.
Үүнээс гадна тус хэсэгт хосолмол секцийн завсрын бүтээгдэхүүнийг баяжуулах машины ажлын хэсгийг солих томоохон ажил хийгдэж байна. Энэ машин нь 19 жил ажилласан учир ажлын хэсгийг нь солих зайлшгүй шаардлага гарчээ. Нунтаглан баяжуулах хэсгийн нэгдүгээр ээлжийн завсрын бүтээгдэхүүний машины ажлын хэсгийг нь сольж байгаа учир ажлын бүтээмжид эергээр нөлөөлөх юм.
Эдгээр бүтээн байгуулалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, ХМТАЦ-ийн хамт олон оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна. “Эдгээр баг хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье” гэж Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Т.Гэрэлт-Од мэдээллээ.