Хавар гэхэд дэндүү тогтуухан, нар илчээ харамгүй хайрласан тэр өдөр энэхүү дурсамж ярианы эзэнтэй хөөрөлдөхөөр нэгэн сайхан өргөөг зорьж очсон юм. Тэр нь Хосоор амьдрах хорвоод хайрын хэлхээг бэхлэн батжуулж, хаан бугуйвч хатан сүйхээр гоёсон Гэрлэх ёслолын ордон юм. Цэмцийсэн цэвэрхэн хашааны хаалгаар нь тайван гэгч алхсаар ортол барилгын өндөр өндөр шат өрчихсөн “За алчуур, савтай усаа нааш нь өгөөрэй. Уначих ваа болгоомжтой байгаарай…Захирлаа шланктай усаараа ийшээ нэг шүршээдэхээч” гэж хэсэг хүмүүс шуугилдан байв. Үгүй мөн сонин юм аа. Одоо үед социалист нийгмийн үе шиг ингэж цэвэрлэгээ хийдэг газар бас байдаг аа гэж бодсоор уулзах ёстой хүнээ сурсаар, бас гайхсаар тэдэн лүү дөхөн очлоо. “За сайн байцгаана уу. Би Үүрийнтуяа захиралтай уулзах гэсэн юм” гэтэл “Захирал тэр байна “гээд усны шланк барин зогсох нэгэн бүсгүйг заалаа. Надад яагаад ч юм бэ нэг л дотно сайхан санагдлаа. Өнөөх бүсгүй ч хүрч ирээд мэндийг минь мэдэж, зорьж ирсэн хэрэг зорилгыг асууснаар бид хоёрын уулзалт энэ сайхан гэгээн өргөөг удирдаж яваа Өвөрхангай аймагт төрсөн Сандагдоржийн Үүрийнтуяа хэмээх инээд цалгиасан эгэлхэн бүсгүйн ажлын өрөөнд үргэлжлэв. Ажилсаг хүний гар хүрсэн юм бүхэн ондоо байдаг хойно. Энэхүү өргөө нь ирсэн миний сэтгэлийг хөдөлгөхөөр, зөрөөд өнгөрч байгаа хүний нүдийг баясгахаар үлэмж цэвэрхэн үйлчлүүлэхэд тохитой газар санагдлаа.
С.Үүрийнтуяа хэмээх даруухан, хөдөлмөрч бүсгүй энэ байгууллагад захирлаар томилогдон ирснээс хойш ордны ажилтнууд жилдээ нэг удаа шат хөндөлсүүлж ирээд, байгууллагынхаа гадна талыг сойздон угаадаг заншил тогтжээ. Хамт олноороо гар бие, сэтгэл нийлж олон ажлыг хийдэг болсон нь ирсэн зочид, үйлчлүүлэгч, хуримлагч хосуудад бахархах сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Хуримын ордонг үеийн үед хойч ирээдүй болсон үр хүүхдүүддээ энэ хэвээр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзлэл дүүрэн энэ бүсгүй, ажилтнуудынхаа ахуй хангамж, нийгмийн асуудал, барилга байгууламжийнхаа насжилтийг уртасгах, өнгө төрхийг шинэчлэн засах гээд тунчиг завгүй явна.
“Гэрлэх ёслолын ордон” 1976.06.14-нд үүдээ нээжээ. Энэ нь Цэдэнбал Филатовагийн санаачлагаар баригдсан гэдэг. Энд өдгөө хүртэл 38000 гаруй хос хуримлажээ. Энэхүү гэгээн ордныг 42 жилийн хугацаанд ердөө дөрвөн хүн удирдсан байна. Дөрөв дэх удирдлага нь С.Үүрийнтуяа. Гэрлэх ёслол нь хуримлагч хосын цаашдын хамтын амьдрал өнө удаан үргэлжлэхийг бэлгэддэг. Байгууллагын удирдлагыг ч албан тушаалын халаа сэлгээ их болсон энэ цаг үед ойр ойр солих бодлого баримтлаагүй нь ч үүнтэй холбоотой болов уу гэх бодол төрөв. С.Үүрийнтуяа дарга ч энэхүү албанд томилогдохдоо хуучин ажилтнуудыг хоморголон халдаг жишгийн эсрэг байр суурь баримталсан байна. Наад захын жишээ хэлэхэд 18 настайдаа анхлан үйлчлэгчээр ажлын гараагаа эхэлж байсан хүн өдгөө тасралтгүй 30 жил ажиллаж байгааг сонсоход удирдлагад хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг мэт санагдав.
2012.12.26-ны өдрөөс хойш “Гэрлэх ёслолын ордон”-ы өнгө төрх, дотоод зохион байгуулалт эрс өөрчлөгдсөн нь түүний удирдах арга барилд урамшин, гар нийлэн ажиллаж буй ажлын хамт олон, багийнхны хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой аж. Энэ тухайд С.Үүрийнтуяа захирал хамт олноороо бахархан ярьж суулаа. 1976 онд байгуулагдсан барилга байгууламжийн үндсэн хийцэд өөрчлөлт оруулахгүйгээр бүхий л өрөө тасалгааг шинээр засварлаж өөрчилжээ. Хамгийн түрүүнд зочид үйлчлүүлэгч нарын OO-ийн өрөөг шинэчлэхээс эхлэв. Өөдлөх айл үүднээсээ тул хашаа хороо, хаалгаа засч янзлав. Үүдэндээ улаан хивс дэвсэнгүүт “тансаг хэрэглээтэй хүүхэн” гэдэг нэр хоч хөндлөнгөөс зүүж, өөнтөгч хүмүүсийн дайралтанд ч нэг мэдэхэд өртчихсөн явав. Анх тэрбээр ажилд томилогдож ирэхдээ бүх ажилчдыг их цэвэрлэгээнд уриалжээ. Санаанд нэг л хүрэхгүй тул өөрөө ханцуй шамлаад дайраад орчихсон гэдэг. Ингэж л аливааг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэх ёстой гэдгийг биеэрээ үлгэрлэсэн байна. Одоо ч засвар үйлчилгээний бүх ажилд зэрэгцээд л гүйж явдаг.
Шинэ ажилд томилогдсон бүсгүйд хамгийн түрүүнд төрсөн бодол гэвэл гадуур хувцастайгаа ажлаа хийн суугаа зутарсан ажилчдынхаа урам зоригийг яаж сэргээх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан байна. Урьд нь Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Тээврийн газар Хүний нөөцийн менежерээр 10 жил тогтвортой ажилласан түүнд нэн түрүүнд хүнээ эрхэмлэх бодол төрөх нь зүйн хэрэг биз. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар дулааны алдагдалтай, хуучин халаагуурыг солиулах тухай дүгнэлт гаргуулж, сүүлийн үеийн панельен паар авч тавилаа. Олон жилийн элэгдэлтэй шугам хоолой, хуучны зэвэрчихсэн паарууд, дулаан алдагдал их гээд түүнд бэрхшээл мундахгүй байв. Хавар болж, цас ханзрахтай зэрэгцээд бүх өрөө тасалгаагаар нэлэнхүйдээ ус гоожиж эхэллээ. Энд тэндгүй түмпэн, шил сав тосчихсон, хаа сайгүй ус под под дуслах чимээг сонсоход “Би яг ямар байгууллага удирдаж яваа юм бэ” гэх эмзэглэл төрнө. Дотроос нь мянга тордоод нэмэргүй учраас 2013 онд дээврээ бүрэн засч, дусаал гоожих асуудлаас ангижирлаа. Дулаан, тохитой болгохын төлөө дарга тэмцэж байгаа учир ажилтнууд идэвхжиж, хямд зардлаар өнгөтэй өөдтэй ажлын орчинтой болохын төлөө бүгд л ухаанаа уралдуулж, төлөвлөгөөтэй ажиллаж эхэллээ. Олсон мөнгөө дур зоргоороо зарцуулах эрхгүй, “дээрээс” орлого зарлагын нормыг нь тогтоогоод өгчихсөн учир тэр. Хадаас алх ч барьж үзээгүй залуус их байсан бол одоо бүгд гарын дүйтэй болж, бүх зүйлд сэтгэлээ шингээн, оролцож засвар үйлчилгээний ажлыг чанартай хийж гүйцэтгэж сурчээ. Хонгилын засварын ажлыг ч зэрэгцээд эхлүүллээ. 1976 оныхоороо байгаа тул анх ороход ёстой цочмоор. Бүх хог новшийг нь гаргаж хаяад, байгууллагынхаа орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд хангалттай том түрээсийн талбай гаргалаа. “Амьгүй” хонгил одоо шинэхэн будагны үнэр сэнхийгээд, түрээслэгч эздээ хүлээж байна. Ажилчид чөлөөт цагаа өнгөрүүлэх теннисний ширээ нэг буланд байршууллаа. Хуримын ордны баруун урд байрладаг 12 ханатай эсгий гэрийг бороо шороо, салхи нэвтрэхгүй орчин цагийн, шалнаасаа халдаг гэр болгож тохижуулав. Байгууллагын дэргэд 25 хүүхдийн цэцэрлэг байгуулж, ордныхоо хойморт үе, үеийн дарга нарын зургийг заллаа. Хуучнаар иргэний бүртгэлийн өрөөг “Алтан хурим”, “Мөнгөн хурим”, “Очир-эрдэнэ”-ийн хурим хийдэг, өндөр дээд албан тушаалтнуудыг хүлээн авдаг болгон тохижуулсан нь ихэмсэг агаад хүндэтгэлтэй. Ёслолын танхим, гал бадраах өрөө тасалгаа, хүлээлгийн заалны хөшгийг шинээр сольж, урсгал засвар хийн сэргээлээ. Он удаан жил өгөршсөн хивсийг нь Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн хивсээр солихоо ч мартсангүй. Архив бичиг хэрэг эмхэлж, хуримлагч хосын зургийн цомог, дүрс бичлэгийг архивын тусгай нэгж болгон давхар хадгалдаг болов.
Нээрээ ч хэлж ирдэггүй хийсээд ирдэг элдэв гамшигт орон гэр нь өртлөө гэхэд насны дурсамж нь найдвартай газар хадгалаатай байх сайхан шүү дээ. “Гэрлэх ёслолын ордон” түүхэндээ дэргэдээ фото зураг, видео бичлэг хийдэг мэргэжлийн студитэй байсангүй. Дэргэдээ студитэй болсноор орлого нэмэгдэх сайхан боломж олдсон. Тус ордны дэлгүүрээс хаа ч байхгүй хямд үнээр хуримын даашинз авах боломжтой, прокатын үнэ ч харьцангуй хямд аж. Хамгийн гол асуудал иргэд үйлчлүүлэгч нь тав тухтай аюулгүй орчинд үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хяналтын камер, галын хорыг байршуулсан. Ил байсан хогийн савыг хүртэл хүний нүднээс далдлаад яг тэр газар дээр нь гурван машины гараж бариулсан байна. Энэ хамт олон хогоо хаяхдаа хүртэл хог түүдэг хүмүүс сандаачаад хаячихгүйгээр ангилж хаях гээд чимхлүүр зүйлээс төвөгшөөдөггүй байна.
Нийт ажилтнууд иргэдэд үйлчлэхдээ зан харьцааны соёлтой, аливаад алдаа эндэгдэл гаргахгүй байх тал дээр санаа тавина.
ИРГЭДЭД ИЛ ТОД, ЖИГД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
-Бараг 30-40 жил хийгдээгүй ажлыг та цэгцэлжээ. Хамгийн ойрын зорилт юу вэ?
-Юуны түрүүнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Нийслэлийн Өмчийн харилцааны газраас баталж өгсөн 2018 онд “Нийгэм эдийн засгийн зорилтот түвшинг дээшүүлэх” төлөвлөгөөний дагуу өдөр тутмын үйл ажиллагаа явуулж ашиг орлогоо нэмэгдүүлж ажиллана.
Мөн ажиллагсдын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж дотоодод мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж Төрийн болон Төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.
Гэр бүл болж буй залуу хосууд, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах болон өсвөр насны хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг шат дараатай явуулна. Гэр бүлийн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах ажил хийнэ.
Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө 42 жил болсон барилга байгууламжийнхаа цонхоо бүрэн шинэчлэн солино доо. Тэгэхгүй бол зундаа онгойхгүй, өвлийн улиралд бүрэн хаагдахгүй маш их дулаан алдагдалтай болчихоод байна.
Ордныхоо эргэн тойрны довжоог шинэчлэн засварлана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авахад орох орц, гарцыг стандартын дагуу хийж тохижуулах ажил бас байгаа.
-Хуримлахад сайн муу жил гэж ярих болж. Тэр жил нь “Гэрлэх ёслолын ордон”-ы ачаалал буурдаг уу?
-Манай иргэд Монгол зурхайн цаг тооны бичгийг харж хурим хийх жил, сар, өдөр, цагаа товлодог уламжлалтай.
-”Бичин жилд хуримаа хийдэггүй” гээд шуурчихлаа. Жишээлбэл, бичин жилд урьд өмнө зуд болоход орон нутгийн малчид түүнд нэрвэгдсэн, мал хуйгүй хүмүүс яаж хурим хийх вэ. Зун нь сүү цагаан идээ байхгүй, өвөл нь идэшгүй болохоор намар нь сааль цагаагаа хурааж чадаагүй хүмүүс хуримлахад бэрх. Тэр утгаараа л бичин жил гэхээр хурим хийдэггүй гээд ойлгочихсон. Бусдаар хурим хийхэд тохиромжгүй жил, сар, гэж байхгүй. Өөрсдөө өдөр хоногоо товлочихвол болно. Манайд жилд 1000 гаруй хос хуримладаг. Өнгөрсөн жил 1536 хосын хурим хийсэн. Сүүлийн жилүүдэд хуримын ёслол зохион байгуулдаг хувийн компаниуд гарч ирснээр бидэнд үйл ажиллагаа нь ижил төстэй өрсөлдөгчид ихээр бий болсон.
-Хүмүүсийн олонхи нь Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийхээр сонгох нь дээр гэж ярьдаг юм билээ?
-Хуримаа хийх гэж байгаа хосуудын ихэнх нь манай байгууллагыг зорьж ирдэг. Мэр сэр мөнгөтэй, бэлтэй хүмүүс орж ирээд “Манайх өөр газар зохион байгуулах гэж байгаа. Танайхаас зөвхөн тэр “Хурим удирдагч” гэдэг хүнийг нь авья” гэдэг. Хүмүүсийн хэрэгцээ байгаа учраас 2013 оноос “Явуулын үйлчилгээ” гэж шинээр нээгдсэн. Сайн өдөр, сайн цаг гэдэг нэг л тохионо. Тийм учир манайх очиж үйлчилгээ үзүүлдэг багтай болсон нь бас л ашиг орлого нэмэгдэхэд нөлөөлж байгаа.
-Өөр газруудад хурим хийдэг гэлээ. Гэхдээ “Гэрлэх ёслолын ордон” биш бол хуримласан дурсамж нэг л дутуу юм шиг санагдаад байх юм. Хүмүүс энэ тал дээр сэтгэгдлээ тантай хуваалцаж байв уу?
-“Гэрлэх ёслолын ордон” зөвхөн хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 42 жилийн түүхтэй сайхан дурсамж хуримтлуулсан газар. Гэхдээ хосууд өөрсдөө сонголтоо хийнэ. Бид тэдний сонголтонд хүндэтгэлтэй хандаж үйлчилгээ үзүүлдэг. Бусад газар бол хурим найр ч хийж болно, буяны будаалга ч хийж л байдаг. Тэр утгаараа хуримлагч хосууд өөрсдөө хаана ямар газар хуримын ёслолоо хийх вэ гэдгийг сайн бодно биз дээ. Манайд хуримласан бол зургийн цомог, видео бичлэг өгдөг. Ерөөлч, хуурч багтана. Хоёроос гурван машины чимэглэл ирнэ. Ирсэн ах дүүс зочдод үйлчлэх сүү цагаан идээ, гал голомт, бэлэг дурсгалын зүйлс нь байна. Гэрлэлтийн батламж, ёслолын бүртгэл орно. Архивт хурим хийсэн хосуудын зураг, бичлэг хадгалагдаж үлдэнэ. Хүмүүс хурим гэхээр рестораны зардлаа оруулчихаад хурим чинь их зардалтай гэж яриад байдаг. Манайд ажлын өдөр ажлын цагаар үйлчилгээ авахад 759.000 төгрөгөө төлж батлуулчихаад, гэртээ уламжлалт аргаараа сайхан хоолоо хийгээд найрлаж болно. Тэдний хуриман дээр сайхан архи уусан, хоол идсэн тухай дурсамж үлдэхгүй, харин Ордонд орсон зураг, бичлэг, батламж, бэлэг дурсгал нь үлддэг. Хүмүүс аль нь гол вэ гэдгээ бодохгүй нэг л их хөөсрөөд л, тансаг хоол унд, архи, дарс болоод явчихдаг. Хуримын ёслол хийхийн утга учир юу нь чухал вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хурим хийнэ гэдэг нь хоёр талын ураг удмын хэлхээ холбоо тасрахгүй үргэлжилж, манай танай төрөл саданд тэр нутгийн ийм хүн бэр, хүргэн болж нэмэгдэж байгааг ах дүү, төрөл садан, найз нөхөддөө дэлгэрэнгүй танилцуулж байгаа үйл явдал юм. Мөн хайр сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болж насан туршдаа бие биедээ түшиг тулгуур болон хамтдаа он удаан жил сайхан амьдарна гэдгээ бүхий л ойрын хүрээний хүмүүсдээ зарлаж байна гэсэн үг.
-Ер нь одоо “Гэрлэх ёслолын ордон”-д хуримлах үнэ ханш ямархуу болсон бэ?
-Гэрлэх ёслолын ордонд ажлын өдөр ажлын цагаар 759.000, цайны цаг таарвал 781.000, амралтын өдөр таарвал 803.000, дашням, балжинням давхцсан өдрүүдэд 1.276.000 төгрөг болдог. Балжинням, дашнямтай өдөр ачаалал маш их. Аль ч өдөр хуримлах байсан хоёр сарын өмнөөс ёслолын захиалгаа авдаг. Хуримын ордны зүгээс иргэдэд нээлттэй, ил тод, жигд үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.
-Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил зохион байгуулсан тухай хэвлэл мэдээллээр гарсан. Энэ тухай товчхон хариулбал?
-Тийм шүү. Бид үргэлж ашиг орлогын төлөө ажилладаггүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд үнэ цэнтэй гэр бүлүүдийг буй болгох, он удаан жил амьдарсан хосуудын дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа. 2013 оноос хойш ажилтай, орлоготой сайн ээж аав байхын төлөө үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарладаг, гэр бүлийнхээ баталгааг хийлгэсэн мөртлөө хуримын ёслол хийж амжаагүй хүмүүст боломжийг нь олгож дэмжиж ажилласан. Жишээ нь: ТҮК-ийн ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, хог тээвэрлэлтийн жолооч, автобусны кондукторууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эмч сувилагч нар сургуулийн өмнөх боловсролын багш гээд олон хосуудын хуримыг зохион байгуулсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газрын албан хаагчид, Хил Хамгаалах Ерөнхий газрын хилчид гээд хуримыг хийсэн. Яг хилийн застав дээр ажилладаг хүмүүсийг сонгосон.
-Тэр залуус үргэлжлүүлээд найрлахгүйгээр, ах дүүсээ цуглуулаад хөнгөхөөн ёсолчиход насны дурсамжтай үлдэх нь дээ?
-Тийм. Манай хамт олонд баярлаж талархаж байгаагаа дахин дахин илэрхийлж бидэнд цаашдаа олон хосуудын хуримыг зохион байгуулах урам хайрладаг.
-Эх үрсийн баяраар танайх арга хэмжээ зохион байгуулдаг байх аа?
-Ажилтнуудын хүүхдүүдийг баярлуулахын зэрэгцээ байгууллагынхаа дэргэдэх цэцэрлэгийн хүүхдүүдийг баярлуулж гарын бэлэг өгдөг. Олон улсын гэр бүлийн өдрөөр “Дурсамж” сэдэвт гэр бүлийн өдөрлөг зохион байгуулдаг. Нийслэлийн баярыг угтаад 10 сарын 29-нд “Нийслэлийн иргэн” гэж өдөрлөг хийдэг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад өөрсдөдөө байгаа боломжоороо хэдий зардал их ч ийм нэмэлт үйлчилгээнүүдийг хэрэгцээт хүмүүст нь үзүүлж байна.
Нийслэлээс зохион байгуулдаг “Дээлтэй монгол” наадамд манай хамт олон бүгд оролцдог. 7 сарын 13-нд үндэсний дээлээ өмсөөд ордныхоо туг далбааг бариад жагсана шүү дээ. Гурав дахь жилдээ оролцож байна. Нийслэлийн хэмжээнд цасны баярт хамт олноороо оролцон түрүүлж байсан.
-Гэр бүлийн боловсролыг дэмжих хөтөлбөрүүд хаа сайгүй хэрэгжиж эхэллээ. Танайх ямар ажил зохион байгуулдаг вэ?
-2005 оноос Гэр бүлийн сургалт явуулдаг болсон. 2013 оноос хойш төлөвшлийн насны хүүхдүүдэд “Гэр бүлийн сургалт” зохион байгуулдаг болсон нь ирээдүйн хосуудын тархинд гэр бүлийн суурь мэдлэг төлөвшүүлэх зорилготой. Аав ээждээ, найз нөхөддөө хэлж чаддаггүй зүйлсээ хүүхдүүд энд л чин сэтгэлээсээ ярилцдаг. Улсын хэмжээнд жилд 17-18 мянган хос гэрлэлтийн баталгаа авч байгаа боловч яг хуримын ёслол хийж байгаа нь арай өөр, чадамжтай хүмүүс ирдэг. Иймд эдгээр сургалтын цар хүрээг улам өргөн болгох шаардлага тулгараад байна.
-Удирдагч хүний хувьд хамт олонтойгоо ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Миний хувьд хамт олонтойгоо найз нөхдийн хэмжээнд харьцдаг. Яагаад гэвэл ажилласдынхаа ар гэрт тулгамдаж буй асуудлыг аль болох хурдан олж мэдэх тэдэнд тусламж үзүүлэх шаардлага хэрэгцээ байгаа. Хэрэв би босс, дарга гээд л ажилтан албан хаагчдаа тушаагаад загнаад, бүх юмыг харцаараа хөдөлгөх гээд байх нь надад болоод тэр хүмүүст ажиллах эрч хүч буурна. Ажлын идэвхи суларч багаар ажиллах боломж бүрдэхгүй тийм болохоор хүн бүртэй тулж ажиллах нь чухал гэж боддог. Өөрөө дунд нь ороод үлгэрлэл үзүүлэх, бусдыг сонсож ойлгох нь хамгийн чухал. Ажиллагсдаа урлаг, уран сайхнаар дамжуулан төлөвшүүлэх, багаар ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, эв нэгдэлтэй хамт олон болгох гээд олныг санаачилж ажиллаж байгаа. Жишээ нь:
Хамт олныхоо дунд “Морин хуур тоглож сурцгаая” гэдэг уралдаан зарлаж бүгд морин хуур хөгжим тоглодог болсон. Манай байгууллагын үйлчлэгч, жолооч, харуул, зурагчин, нярав, худалдагч гээд бүгд тоглолтын морин хууртай болсон. Бас 4О жилийнхээ ойгоор ирсэн зочид, ахмад ажилтан үе, үеийн удирдлага хамт олонд бүх ажилчид морин хуур тоглож бэлэг барьсан.
ЛААНЫ ГЭРЭЛД ХИЧЭЭЛ ХИЙЖ, “24 ЦАГИЙН ЯСЛИД” ХҮҮХДҮҮДИЙГ АСАРЧ ЯВАВ
С.Үүрийнтуяа Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн ч Улаанбаатарт өсчээ. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Ханийн халамжит гэргийн үүргийг хариуцлагатай үүрч байгаа нэгэн. Аав нь инженер, механик их хөдөлмөрч хүн байгаад өдгөө бурхан болсон. Социализмын үед ажил нурахаар аль сайчуудыгаа тийш нь томилдог бичигдээгүй хууль хаа сайгүй үйлчилнэ. Тэдгээр хүндхэн албатай ч, хөдөлмөрч сэтгэлгээтэй хүмүүсийн тоонд аав нь лавтайяа багтах тухай С.Үүрийнтуяа дурслаа. Тэрбээр Булган аймгийн Сансар САА-г ЗХУ-ын тусламжаар барихад хамгийн анх шанг нь татсан түүхтэй. Цаашилбал Сөгнөгөр амралтын газрын дарга, Гачууртын САА-н ерөнхий инженер хийж ажлыг төвхнүүлсэн байна. Тэр бүрт гэр бүлээрээ нүүнэ. Ажилсаг аавын залгамж гэдгээ “Гэрлэх ёслолын ордон”-г танигдахын аргагүй өөрчилсөн Үүрийнтуяа харуулж явна.
Аав нь мөн л юмхнаар юуг ч хийчихдэг хүн байж. Зах зээлийн хүнд жилүүдэд хүүхдүүддээ юм юм сургалаа. Үүрийнтуяа таван дүүтэй, хоёр эгчтэй. Ээж, аав нь эцэг эхээс олуулаа биш учраас өөрсдөө олон хүүхэдтэй больё гэж төлөвлөсөн гэдэг. Үүрийнтуяа дөрвөн эрэгтэй дүүтэй тул эр хүний ажил ч хийнэ, эмэгтэй хүүхдийн ажлаа ч амжуулна. Аавын томилолтын шуурганд дотуур байранд хүртэл сууж үзсэн байгаа юм. Зайсангийн 32-р сургуульд сурч байгаад аав томилогдоход хамтдаа явахаас өөр аргагүй. Сансар САА-д дунд сургууль нээгдэх хүртэл Булган аймгийн Гурван булаг сумын сургуулийн дотуур байранд амьдарч суралцаж бие дааж мөн 6-7 анги хүртлээ бүр гэр сургуульд суралцаж үзжээ. Лааны гэрэлд хичээлээ хийнэ. Тухайн үед даргын хүүхэд гээд ялгагдах аргагүй. Идэх уух, өмсөх зүүх ч бүгд адилхан. Ээж нь насаараа тогооч хийсээр одоо гавьяаны амралтаа эдэлж сууна. Аав, ээж хоёроо зүгээр суухыг хараагүй учир хүүхдүүд цагийг хий дэмий өнгөрүүлэх гэдэг төсөөлөлгүй өслөө. Аав нь орос цэргийн ангиас төмрийн сэг цуглуулаад машин угсарч байж.
Үүрийнтуяа 1989 онд Гачууртын САА-н ажлыг сайжруулахаар ирэхэд, 10 жилээ 85-р сургуульд төгссөн байна. Арваа төгсгөөд Анагаахын сургуульд орж, сургуулиа дүүргээд хүүхдийн сувиллын газар ажиллалаа. Эх барих эмчийн мэргэжил эзэмшиж, 32-р ясли хэмээх 24-н цагийн цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллав. Хөөрхөн жаахан хүүхдүүдийг өвөртөлж унтаад л, үсийг нь самнаж, нүүрийг нь угаах зэргээр эхийн хайрыг мэдрүүлэхийг хичээнэ. Тариа тарих, массаж хийх ажлууд шинэхэн төгсөгчид оногдоно. Зах зээлд шилжих энэ үед 24 цагийн цэцэрлэгт хүмүүс хүүхдээ өгчихөөд хагас бүтэн сайнд ч ирж авдаггүй, наймаа хийгээд явчихдаг байсан зэрэг нь шинэ нийгэмд хөлөө олох гэж хүмүүс хичнээн их бэдрэн тэмтэчдэг байсны гэрч биз ээ. Амралтын өдрөөр хүүхдүүдээ гурав, дөрвөөр нь тэвэрч гэртээ авчирч ус цасанд оруулаад, хувцсыг нь угааж цэмбийлгээд, нэг дэх өдрийн өглөө троллейбусанд суугаад ажилдаа ирдэг байсан гэдэг. Үүний дараа Эрүүл мэндийн 6-р төвд эмэгтэйчүүдийн тасагт эх баригчаар ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалттай компанид борлуулалтын менежер хийж байгаад, Зам тээврийн яаманд ажилд орсон юм. Ажиллах хугацаандаа өөрийгөө боловсруулахыг мартсангүй. Хүний нөөцийн менежер.№ ХУИСургуулийг дүүргэж чаджээ.
Үүнийг бичиглэгч би Үүрийнтуяа гэх сэргэлэн нүдтэй, сийрэг ухаантай энэ бүсгүйг, Монголын хүүхэд, залуучуудын төлөө ихийг санаачилж, бүтээн байгуулсан Цэдэнбал Филатова гуайн залгамж халаа яахын аргагүй мөн гэж дүгнэж, түүнийг орчин цагийн хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл, ажил үйлсийг ургуулан баяжуулагч, удирдан чиглүүлэгч юм байнаа хэмээн бахархан бодсоор ярилцлагаа өндөрлөв.
Сэтгүүлч: Н.Энхцэцэг