//Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай уулзлаа.

Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. Цаашид улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхий сайдын хувиар албан ёсны айлчлал хийсэн нь харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсныг хэлэв.

Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ  хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүсэв.

Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцлоо.