//+30 Single хүүхний өдөр

+30 Single хүүхний өдөр

+30 Single хүүхнүүдийн өглөө хэрхэн өнгөрдөг болон тэдний хайр дурлалд хэрхэн ханддаг тухай өмнө нь ярьсан учраас одоо шууд өдрийн цаг хэрхэн өнгөрдөгийг ярилцая.

+30 үүдийн ажлын эрч хүч бууруугүй боловч хүсэл сонирхол нь дуртай ажил, дургүй ажил гэдэг хоёр үндсэн хэсэгт хуваагдана. Ажил руугаа орохдоо цагаа байн байн харах бөгөөд хоцорсон шалтгаанаа хотын замын түгжрээ, таксины жолоочийн бүтэлгүйтэй заавал холбон үзнэ. Үүдэн дээрээ даргатайгаа мөргөлдөхгүй байх нь тэдний гол зорилго бөгөөд хэрэв тааралдаж гэмээ нь алхаагаа улам түргэсгэн, ажлын төлөө оюун ухаанаа дайчлан байгаа дүрийг нэн чадамгай исгэнэ. Өрөөндөө орж хувцсаа тайлаад ширээгээ эзэгнэн суухдаа үнэнхүү эзэн. Яг энэ мөчид алба юм шиг утас руу дохиод намайг хүн асуугаагүй биз гэх нь тэдний нэгэн төрлийн мэндчилгээ билээ. Өөрийг нь ирэхийг нь өглөөнөөс хүлээсэн хүмүүсийг хүн байна чинээ харахгүй бөгөөд харж гэмээнэ өөрийнхөө үнэ цэнийг шууд буулгасантай адил хэрэг болно. Суудлаа эзлэнгүүт нэн тэргүүнд юу хийх вэ гэвэл… Бишээ тэр чинь бүр 3 магадгүй 4 дүгээр зэргийн асуудал. Харин +30 цүнхээ ухан тооны машин бишээ толь, энгэсгээ гаргах авай. Өглөөний будалтаас хойш огт өөрчлөгдөөгүй нүүрний будалтаа сэргээх нь өглөөний нэгэн ёслол болно. Энэ дахин сэргээлт нь удаан үргэлжилдэггүй бөгөөд өглөөний будалтаас дутуу үлдээсэн алдааг арилган дагина төрхийг олох цаг ажээ. Дараа нь босож аягаа аван халуун усаар дүүргэн кофе юм уу цай бэлдэнэ. (хэрэв үйлчлэгч харагдахгүй бол өөрөө хийдэг гэж байгаа) Дараа нь ПиСИ-гээ асаан тухлан суух бөгөөд гэхдээ хамгийн түрүүн хувийн э*мэйл, пээсүүк чатанд ямар нэг шинэ юм иржүү гэдгээ нэг гүйлгэн харна. Дараа нь хаалгаа нээлгүйгээр түрүүн хүн орьё гээд байсан уу гэж нилээн өндөр дуугаар хашгирна. Ажлын цагаар гар утас нь жинхэнэ гар утас гэдгээ мэдрэх шиг болно. Дуугарахгүй ч гэсэн байнга атгаастай. Гаднаас орж ирсэн хүн түүнээс дүү эсвэл тэтгэвэрийн насны хүн байх аваас төдийлөн ач холбогдол өгөхгүй ба өөр хэн нэгэн рүү даруй шилжүүлэхийг эрхэмлэх бөгөөд тэгэхдээ ч гарамгай. Харин өөрийн үеийн эрийг бол туршлагатай сэтгэл судлаачын барилаар гарсан асуудлыг шийдэхэд идэвхийлэн зүтгэнэ. Хэрэв энэ үед нь утас дуугарах аваас эелдэг боловсоны дээдийг үзүүлж уучлаарай, өршөөгээрэй, тэгнэ үү, ингэнэ үү гэдэг үгийг аав, ээж гэж хэлд орохоосоо өмнө сурсан мэт урсгана. Идэр эрийг гармагц толио гарган өөрийгөө харж амжна. Тэгснээ өглөөний аялалд гарч байгууллагынхаа бараг бүх өрөөгөөр орон бүгдийн мэндийг дараалан эрж эзгүй үед болсон явдлыг олж мэдэх зорилго агуулна. Энэ аялал тамхи таталтаар өндөрлөнө. Өрөөндөө орж ирээд дуулж сонссоноо дахин ярьж амны зугаа болгоод, дараа нь утсаа шүүрэн авч гадагш нь мэдээллээ цацна. Ажил гэдэг бол тэдний хувьд асар их боломж, аз жаргалтай мөч гэдгийг мартаж болохгүй. Утсаар ярихдаа: Бийна уу, саййн уу? уучлаарай, гэсэн үгийг тогтмол хэлнэ. Ийн байсаар үдийн цайны цаг болохоос цаг гаруйн өмнө гадагшаа ажилтай боллоо гэж тунхаглаад гарах бөгөөд үүний өмнө будалт бага хугацаагаар үргэлжилнэ. Цайны цагийн өмнөх гаралтаар голдуу дэлгүүр орох бөгөөд хоол хүнсний зүйлсээ цуглуулж гэртээ оруулж тавих нь зарим нэг сөхөөтэй +30 байдаг. Үдийн цайны цаг дуусахтай уралдан орж ирээд Пи Си дээрээ тогтвортой суух хэрэгтэй гэдгийг тэд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх бөгөөд энэ суултаар үр дүн гарах нь илүү байдаг. Нэг мэдэхэд ажил тарах цаг болж бусдаас түрүүлэлгүй бас хоцролгүй ажлаасаа гарна. Ажлын өдрийн эцэст “ажил хэрэгч” саналууд хэд хэд ирэх бөгөөд тодорхой шийдвэртэй хариул өгөхгүй байхаа сайн мэддэг нь +30-үүдийн давуу тал билээ. За ингэсгээд энэ сэдвийг хаахын өмнө, дээрх нийтлэг хэв шинж чанарууд нь дабль болсон +30 болон өрх толгойлсон +30 -дэд тус тус ажиглагддаг гэдгийг анхаарна уу.

Букча