//Засгийн газрын өр жилийн өмнөхөөс 873.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Засгийн газрын өр жилийн өмнөхөөс 873.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг багцлан хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний таван сард 6.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 942.3 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүнчлэн төсвийн тэнцэл 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэж мэдээллээ.

Инфляцын өсөлт найман хувь шүргэв
Инфляци буюу үнийн өсөлт тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.4 хувь, өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос дуулгалаа.Төв банкны хувьд инфляцийг найман хувьд барих зорилготой.Тэгвэл энэ удаагийн тоог харахад найман хувь шүргэсэн дүр зурагтай байна. Инфляци жилийн өмнөх үеэс 7.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ, тээврийн бүлгийн үнэ, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ нөлөөлснийг статистикч тайбарласан юм.

Засгийн газрын өр 22.4 их наяд төгрөг байна
Улсын нийт гадаад өр оны эхний улиралд 29.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.4 тэрбум ам.доллар, бусад салбарынх 8.4 тэрбум ам.доллар, Засгийн газрынх 7.3 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.4 тэрбум ам.доллар байна.Засгийн газрын нийт өр оны эхний улиралд 22.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 873.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Засгын газрын нийт өрийн 84.7 хувь гадаад өр, 6.9 хувь нь дотоод өр, 4.9 хувь нь Засгийн газрын өрийн баталгаа,3.6 хувь нь концесс байгаа аж.

Татварын орлого оны эхний таван сард 3.6 их наяд төгрөг
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого,тусламжийн нийт хэмжээ оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр дөрвөн их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 146.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тавдугаар сард 819.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 148.7 тэрбум төгрөг буюу 15.4 хувиар буурч, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 960.3 тэрбум төгрөгт хүрч, 83.9 тэрбум төгрөгөөр өсжээ. Татварын нийт орлого оны эхний таван сард 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 639.7 тэрбумаар өсөхөд орлогын албан татвар 195.4 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 181.1 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 86.6 тэрбум төгрөг, онцгой албан татвар 68.2 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 60.7 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 48.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Дэлхийн 135 улстай худалдаа хийжээ

Манай улс оны эхний таван сард дэлхийн 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.3 тэрбум ам.доллар, импорт 2.3 тэрбум ам.долларт хүрлээ.Тавдугаар сард экспорт 751.4 сая ам.долларт, импорт 548.8 сая ам.долларт хүрч, өмнөх сараас экспорт 11.1 сая ам.доллараар, импорт 68.3 сая ам. доллараар тус тус өссөн байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх үеэс 514.5 сая ам.доллар, үүнээс экспорт 378.2 сая ам.доллараар, импорт 136.3 сая ам.доллараар тус тус өсжээ. Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 241.9 сая ам.доллараар өсөж, 948.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл тавдугаар сард 202.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 57.3 саы ам.доллараар буурсан байна. Экспорт оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 378.2 сая ам. доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 168 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.