БНХАУ-ын Хүрээлэн буй орчны яам агаарын бохирдлыг бууруулах зорилтдоо хүрч чадаагүй 6 хотын даргыг Бээжинд дууджээ.
Хятадын хойд хэсгийн хотуудын агаарын чанарын түвшин 10-3 сарын хугацаанд харьцангуй мууджээ. Энэ нь “агаарын бохирдлын эсрэг дайн” хүчээ алдаж байна гэх болгоомжлолыг үүсгэсэн аж.
Хэбэй мужийн Баодин, Ланфан хот, Хэнань мужийн Лоян, Аньян, Пуян хот Шаньси мужийн Цзиньчжуан хотуудын захиргаа агаарын бохирдлыг зохих хэмжээнд бууруулаагүй тухай БНХАУ-ын Байгаль орчны яамны сайд мэдээлэв. Тэрээр “Эдгээр хотууд агаарын бохирдолтой тэмцэх хичээл зүтгэлээ бууруулж, төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй” гэжээ.
Ланфан хотын хувьд утаатай тэмцэх ажилд шаардлага тавьж чадаагүй бөгөөд энэ асуудалд анхаарлаа хандуулаагүй байна. Харин Аньян хотын засаг захиргаа хууль сахиулах тал дээр сул бодлого баримтлахын сацуу шийдвэр гаргах түвшний албан хаагчид ажлаа гүйцэтгэж чадаагүй гэнэ. Тус хотын агаарын бохирдол өмнөх жилтэйгээ харьцуулахад 27 хувиар өсөж, Хятадын хамгийн муу агаарын чанартай хот болсон байна.
Цзиньчжуанаас бусад хотуудад нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ хоёр дахин өссөн гэх тоо баримт гарчээ. БНХАУ-ын Байгаль орчны яамны сайд “Энэхүү зургаан хотын дарга нар асуудлыг засан залруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ирээдүйд утаатай тэмцэх дайнд ялах үүрэг хүлээсэн” хэмээжээ.