//Байнгын хороо: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

Байнгын хороо: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.06.13/-ийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 15 гишүүн буюу 78,9 хувьтайгаар хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэх боломжгүй учраас хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд байнгын хорооны дарга С.Бямбацогт 2017 онд байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхийлөгчөөс санал авсан бөгөөд түүнд нь таван санал бүхий хариу өгсөн. Үүнийг харгалзан, ажлын хэсгийн зүгээс 2017 оны есдүгээр сард мөн дахин санал авахаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй гэдгийг онцолсон юм. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хууль зөрчөөгүй гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ” МАН 65-уулаа байгаа ч сөрөг хүчнээ сонсох ёстой. Үндсэн хуульд төлөөллийн ардчиллаар буюу гишүүдээр дамжуулж, үгээ хэлэх эрхтэй. Төслийг хэлэлцэх дэгийн хуулиа тодорхой болгох хэрэгтэй. Шинэ Дэгийн хууль баталчаад хуучин Дэгийн хуулиар хэлэлцэж байна. Хуульд нийцүүлэх шаардлага тавьж байна” гэсэн юм.

Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.