//Вакцинжуулалтанд хамрагдацгаая.

Вакцинжуулалтанд хамрагдацгаая.

Бидний амьдрал энэ хоёр жил хэрхэн өнгөрч буйг эргэцүүлэн бодох юм, заримдаа. Хүн төрөлхтнийг айдаст автуулсан коронавирүс анх тархсан Ухань хотод бидний хэдэн сэтгүүлч 2019 оны намар очсон юм. Хэд хоногийн сургалтанд хамрагдаж, оюутны байранд амьдарч, Ухань хотоор аялж зугаалсан явдал хожмоо дурсах гэрэлт өдрүүдийн нэг мөнөөс мөөн. Биднийг онгоцноос буугаад, оюутны байр руу автобусаар иртэл нар жаргачихсан байлаа. Тэнд сурдаг гэх монгол оюутнууд элэгсэг дотноор хүлээн авч, сурч буй хотод нь хэрхэн амьдрах тухай зааварчилга өгч билээ. Хүн бүрт карт олгож, бид түүгээр нь дэлгүүрүүдээр үйлчлүүлэх аж. Өглөө, өдөр, оройдоо автобусаар зөөнө гэв. 11 сая хүнтэй эл хотын их дээд сургуулиудын гудамд олон орны оюутнууд хөлхөлдөнө. Дотуур байрны зэргэлдээх байшингийн нэг давхарт үйл ажиллагаа эрхэлдэг дэлгүүрээс шар айраг аваад, гадна нь тухлаж суунгаа элдвийг хуучилцгаана. Энэхүү эрх чөлөө шөнийн 12 цаг хүртэл үргэлжилнэ. Монголоос ирсэн сэтгүүлч нар тэнд суухдаа хотын тухай элдэв мэдээллээр тархиа цэнэглэдэг байв. Уханьд бүртгэлтэй бүх иргэн чиптэй. Тэрхүү чип нь эзнээ энд тэнд тамхины иш, шүлс хаях болон ёс бус үйлдэл хийхийг хянадаг гэв. Хотын унаган оршин суугч нар оноотой: Дэглэм зөрчвөл оноо хасагдана. Араб, Энэтхэг, Оросын баячууд даварсан сахилгагүй жаалуудаа энд суралцуулах нэрээр цөлж, номхруулдаг юм байна. Эхлээд дэлхийн аль үнэтэй машинууд оюутны гудмаар салхи татуулан хурдалдаг байсан бол хотоос эл явдлыг хориглосон захирамж гаргажээ. Монгол оюутнуудын хувьд амь нэгтэй. Бие бидээ тусархуу гэж жигтэйхэн. Тэд биднийг ирэн иртэл хэлмэрчилж, үзвэр үйлчилгээний газруудаар дагуулж явсан юм. Хятад хүмүүс чанга хашхирч ярьдаг. Тэгвэл Уханьчууд хавьгүй илүү гэлцэнэ. Бүр чангаас чанга ярьдаг гэсэн үг шүү дээ. Хөгжилтэй ч юм шиг. Шинжлэх ухааны сургуулиуд, зөгийн бал, багваахай цэцгээр алдартай Ухань халуун ч гэж жигтэйхэн. Өвөлдөө харин их жиндүү гэж сонссон.

2020 он гарангуут Уханьд цар тахал гарч, бидэнд хэлмэрчилж байсан өнөөх монгол оюутнууд маань эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, засгийн газар тэдгээр залуусыг дор ньь авчирсан. Тэд их азтай хүүхдүүд. Үүнээс хойш бол хилийн чанадад амьдарч байсан монголчууд нутгийн бараа харах гэж тэрүүхэндээ зүдэрсэн шүү дээ. Ингээд бүтэн хоёр жил монголчууд коронатай “үзэлцэж” байна. Бизнес эрхлэгчид эрсдэлд орж, захын хорооллын айлуудын бяцхан багачууд энэ цөвүүн цагт илүү өлсөж буй. Үнэндээ Засгийн газар 300 мянган төгрөг хүн бүрт өгсөн явдал тэрхүү бүүдгэр гудманд өсч торниж буй хүүхдүүд, өрх толгойлсон ээжүүдэд ямар их нэмэр болсныг төсөөлөшгүй. Гэтэл өнөөх Уханьчуудын амьдрал өнөөх л бидний очиж байсан үеийнх шиг налгар, 11 мянган үзэгчтэй шоу тоглолтыг амны хаалт зүүлгүй зохион байгуулсан гэнэ үү. Иргэн бүр ухамсартай байж чадсан учраас энэ хот дэлхийн бүх хүний анхаарлыг татаж асан шинжгүй улам өнгөжин жавхаажиж байна. Бүхнийг төр засагт тохдог сэтгэхүйгээс яг одоо салмаар байна. Бүгд урьдын сайхан цагаа эргэн дурсаж, алдаа, оноогоо ч дэнслээд авлаа. Одоо хангалттай. Вакцинжуулалтандаа хамрагдацгаая. Гэр бүл, хамт олноо уриалья.