//Мексикт галт тэрэгний ноцтой осол гарлаа

Мексикт галт тэрэгний ноцтой осол гарлаа

Мексикийн нийслэл Мехико хотод галт тэрэг явж байсан метроны гүүр нурсны улмаас 24 хүн амиа алдлаа. Ослын улмаас бэртэж гэмтсэн 30 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

“El Universal” сонинд мэдээлснээр, осол “Оливос” ба “Тесонко” өртөөний хооронд гарсан байна. Тус гүүрний нэг баганыг автомашин мөргөсний улмаас нурсан гэсэн урьдчилсан таамаглал гарчээ.

Ослын улмаас хоёр галт тэрэг ойролцоогоор 10 метрын өндрөөс унажээ. Хохирогчдын дунд зургаан хүүхэд байсан аж. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан Мексикт гурван өдрийн турш үндэсний гашуудлын өдөр зарлажээ.

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард аймшигт ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг тогтоох ажилд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.