//Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй

Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй

АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн. СЕХ-ноос холбогдох байгууллагуудын дүгнэлт, тайлбарт үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар талбай дээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Н.Алтанхуяг өөрийг нь нэр  дэвшүүлсэнгүй хэмээн амин  хувийн эрх ашгаа хангуулахаар  ийнхүү суулт хийгээд зогсохгүй  намынхаа дотоод асуудлыг төр, ард түмэн ийнхүү нялзааж эхэлсэн.  

О.Цогтгэрэл даргатай АН-ынхан эрх баригч МАН-ынхан бүртгэлийн байгууллагууд болох СЕХ, Улсын Дээд шүүх зэрэгт нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. 

Тэгвэл  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр “Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг  үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн  хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна.

Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс улс төрд явахыг харлаа. Монголын улс төрд 30 жил явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж  бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна, Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхэнд саад тушаа болж,30 жил явж ирчихээд өнөөдөр бас л өнөөх шударга ёсоо яриад явж байна шүү дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байвал бүх зүйл  шударга байдаг, үгүй бол шударга бус болчихдог байдал Монголын нийгэмд байж болохгүй шүү дээ. 

Би л дарга байвал бусад нь хамаагүй, би дарга биш бол бусад бүх зүйл  шударга бус гэж яриад байгаа нь тааламжгүй байна. 

Залуу хүний хувьд би ингэж үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн нам хоорондоо дотооддоо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос өгсүүлээд бид олон зүйл дээр зовсон, зүдэрснээ ярьж болно. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйн төлөө зовж зүдрэх тухай яриад байж болохгүй гэдгийг шуудхан хэлье. МАН өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаан, маргаангүй шударга болоосой гэдэг хүсэлтийг тавьсан. Түүний төлөө ч  МАН манлайлал үзүүлж ажиллах болно гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн, тэр дундаа Төрийн тэргүүнээ сонгох сонгууль элдэв маргаангүй болох нь юу юунаас чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг, ингээд нэг муу нь сонгогддог гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Улс төрийн намууд ийм улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд  төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр оролцдог байх ёстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно” гэлээ.