//Сэтгүүлчид гаалийн үйл ажиллагаатай танилцлаа

Сэтгүүлчид гаалийн үйл ажиллагаатай танилцлаа

“Хил дамнасан хууль бус худалдаа хилийн бүсэд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт өнгөрсөн долоо хоногт боллоо.

Монгол улсын Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төв Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх хэвлэл мэдээллийн төвтэй хамтран зохиож буй уг сургалтад сэтгүүлзүйн салбарын төлөөлөл болсон 30 гаруй сэтгүүлч, зураглаачид оролцсон юм.

Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хууль тогтоомжийг сурталчилах зорилготой уг сургалт Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар болон Алтанбулагийн боомтод болов.

Сургалтын хүрээнд сэтгүүлчид Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар, Алтанбулагийн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир “Зарим сэтгүүлчид гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэгтэй огт хамаагүй асуудлыг холбон тайлбарлаад байдаг учраас юун түрүүнд гаалийн газрын үүрэг, зорилгыг тайлбарлах хэрэгтэй болов уу. Гаалийн газар нь улсын хилээр нэвтэрч буй бүхий л төрлийн бараанд хяналт тавьдаг.

Улсын төсвийн орлогын жилийн төлөвлөгөө нь 29 тэрбум төгрөг байснаас 38 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж давуулан биелүүлжээ

Хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, зөвшөөрөлтэй барааг нэвтрүүлж, түүнд ногдох татварыг бүрэн хэмжээгээр улсын төсөвт төвлөрүүлэх, төвлөрсөн төсвийн мөнгийг нийгэм халамжийн үйлчилгээнд шилжүүлэх гэсэн үүрэг бүхий байгууллага юм” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар 108 төрийн тусгай албан хаагч, 5 хяналтын бүстэй. Энэ оны тавдугаар сарыг 2018 оны тавдугаар сартай харьцуулахад нийт зорчигчийн тоо 3.4, суудлын автомашины тоо 4.5, ачааны вагон 4.8 хувиар тус тус өсжээ.

Алтанбулагийн авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын ачааны болон суудлын авто машин шалгах иж бүрэн рентген тоног төхөөрөмжөөр 2019 онд 2309 тээврийн хэрэгсэл шалгасан байна. Үүнд 2109 ачааны, 200 суудлын автомашин байжээ.