Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарын хамтаар алслагдсан хоёр дүүрэгт ажиллалаа. Тэрбээр Багануур дүүрэгт ажиллаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бол Налайх дүүрэгт өрнөж буй 20.9 км замын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
Засгийн газрын тэргүүн 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай, Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-тай танилцсанаар ажлаа эхэлсэн. Тус компанийн удирдлагууд “Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Газраа буюу ордныхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна” гэдгээ уламжлав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвөлжилтийн бэлтгэлээ энэ сараас хангаж ажиллах ёстой. Лицензийн асуудлыг хэрхэхийг салбарын сайд шийдэж өгөөрэй гэсэн юм.Мөн Ерөнхий сайд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгийн их засварт шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар болсон юм.
Түүнчлэн найман сумын 50 гаруй мянган хүнд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэндийн төвд компьютер томографийн аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгов.
