//Х.Баттулгыг сонгуульд дэмжүүлэхээр АНУ-ын лобби компанийг Ц.Туваан хөлсөлж авчээ

Х.Баттулгыг сонгуульд дэмжүүлэхээр АНУ-ын лобби компанийг Ц.Туваан хөлсөлж авчээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан АНУ-ын Вашингтон хотод байрлах DCI гэх лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр хийлээ. Гишүүдийн мэдээлж буйгаар энэ талаарх мэдээлэл Foreign lobby report гэх сайтад гарчээ. Тус сайт нь гадны улсуудад байгаа хууль бус лобби бүлгүүдийг ил болгодог бөгөөд Ардчилсан нам зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг сурталчлах зорилгоор DCI лобби компаниас үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан гэх мэдээллийг нийтэсэн байна.

50 мянган ам.долларын үнэ бүхий тус гэрээ нь 4 дүгээр сараас 12-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр сар үргэлжилнэ. DCI компанийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер болон Ардчилсан намын дэд дарга Ц.Туваан нар гэрээнд гарын үсэг зурсан гэж тус сайтад бичжээ.

Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань  сонгуульд оролцох  замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу. АН-ынхны энэхүү үйлдэл нь хоёр ч хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа  юм байна. Тухайбал,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглогно” гэсэн заалттай. Мөн  Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно” хэмээн заасан байдаг. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  50мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ гэж байр сууриа илэрхийлсэн байна.