ҮХЦ-ИЙН ГИШҮҮНЭЭР Г.БАЯСГАЛАНГ ТОМИЛЛОО
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан.
ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул түүнийг чөлөөлөхийг гишүүдийн 79.6 хувийн саналаар дэмжсэнээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр томиллоо.
Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
Тус томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Г.Баясгаланг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулийг ноцтой зөрчдөг болсон. Улстөрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон. Үндсэн хуулийн цэц өөрсдийнхөө санаанд нийцсэн зүйлийг авч хэлэлцдэг, санаанд нийцээгүйгээ хав дардаг болсон. Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл, Үндсэн хуулийн манаач гэдэг ойлголт нь бүр холдсон. Хамгийн сүүлд нөхөн сонгуультай холбоотой гаргасан шийдвэр нь . Үндсэн хуулийн цэцийн тухай хууль гэж бий. Энэ хуульд Цэцийн гишүүдийг хугацаанаас нь өмнө огцруулдаг үндэслэл байгаа юу. Үндсэн хуулийн цэцийн улс төрийн шийдвэрт нь бид тоглоом болж суугаад байх юм уу. Ийм Үндсэн хуулийн цэц Монголд орших ёсгүй. Үндсэн хуулийн цэцийн Одбаяр тэргүүтэй нөхдүүдийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Үндсэн хуулийн цэц ингэж Монголын төрөөр тоглож болохгүй. Ээлжит болон нөхөн сонгуулийг зарлах хугацааг мэддэггүй Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр яах юм бэ. Мөн улсын төсвийн бүрэлдэхүүнд юу юу ордгийг ойлгодоггүй Цэцийн гишүүдийн толгойг нь илээд суугаад байх юм уу.
Бүхэл бүтэн нэг тойрог УИХ-д төлөөлөлгүй байхад нөхөн сонгууль болбол иргэдийн бухимдал нэмэгдэн гэсэн хачин логик гаргаад сууж байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг яах юм бэ. Монголын төрийг хуульгүй болгохд Үндсэн хуулийн цэц маш том хувь нэмэр оруулж байна шүү. Үүнд надад хариулт өгөөч. УИХ-аас томилогдож Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр очих Г.Баясгалан энэ байдал руу маргааш нь гулгаад орчихов. Онцгой анхааруулж хэлье.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшиж буй Г.Баясгаланг дэмжиж байна. Үндсэн хуулийн цэцийн талаар хэлж байгаа гишүүдтэй санал нийлж байна. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага уг нь нэр хүндтэй, анхаарлын төвд байдаг том байгууллага. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуулийн цэцээс гаргаж байгаа шийдвэрүүд Үндсэн хуулийн цэцийн нэр хүндийг унагаалаа. Сүүлд нөхөн сонгуулийн талаар гаргасан шийдвэр нь гээд өмнө нь Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуультай холбоотой гомдол Үндсэн хуулийн цэцэд ирсээр байтал өнөөг хүртэл хэлэлцээгүй. Үүнээс харахад Үндсэн хуулийн цэц хэн нэгэн албан тушаалтны захиалгаар ажилладаг болсон гэдэг нь шууд харагдаж байна. Цэц улс төрийн хамааралтай болчихвол хууль зөрчсөн тухай асуудал ярих хэрэггүй болж байна. Бид асуудалд зарчимтай хандаж сурмаар байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүх шүүгчдээс дээгүүр ноён өндөрлөг юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн улс төрч хүн очиж болохгүй. Би мэргэжлийн хуульчид орж ирвэл дэмждэг. Г.Баясгалан даргыг УИХ-аас нэр дэвшүүлж байгаад би баяртай байна. Энэ хүнтэй өнгөрсөн гурван сарын хугацаанд амаргүй сорилт дундуур хамт ажиллалаа.Өнжин хононо, нойргүй олон ээдрээт асуудлын дундуур хамт ажилласан. Мэргэжлийн гаргалаатай, Монгол Улсын бэлтгэгдсэн боловсон хүчин юм байна гэдгийг хараад хувьдаа би баярласан. Энэ хүнийг явуулснаар ЗГХЭГ хохирол амсана. Гэхдээ Үндсэн хуулийн цэц чадавжих гэдэг утгаар УИХ-ын саналыг Засгийн газар хүлээж авсан. Цаашид Үндсэн хуулийн цэцэд шинэчлэлт хийх ёстой шүү гэдгийг Г.Баясгалан даргаас хүсье. Г.Баясгалан даргад амжилт хүсч байна.
Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнтэй холбогдуулж хэлэхэд, хүний өөдөөс харж байгаад улайхгүй худлаа ярьдаг хүмүүс улс төрөөс зайлаасай гэж бодох юм. Бусад руу булзааж болохгүй. Д.Эрдэнэбат дарга өөрөө Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулчих. Ийм хүмүүс Монголын төрийн босгоор дахиж алхахгүй байх талаар бодох хэрэгтэй. Энд орж ирээд их сайхан зүйл ярих юм.
Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татдаг хуулийн зохицуулалт бий. Үндсэн хуулийн цэц өргөдөл дардаг болж хувирсан гэдгийг өчигдөр би байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн. Дарсан олон өргөдөл бий. Үндсэн хуулийн цэц өөрийн санал нийлж байгаа өргөдөл, гомдлыг хэлэлцээд эсрэгээрээ санал нийлэхгүй асуудалд гар дүрэхгүй, алсаас хараад сууж байдаг газар байж болохгүй. Үндсэн хуулийн цэц ирсэн маргаан бүрийг цаг тухайд нь шийддэг байх ёстой. Гэтэл ойлгомжгүй байдлаар ажилладаг болсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүн дархлагдсан хүн гэж бодох хэрэггүй. Хуулийн хариуцлага тооцох боломж бүрэн бий. Өөрсдийнх нь дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү.