Хүүхдийн хорт хавдрын асуудлаарх хэлэлцүүлэг өчигдөр боллоо. ЭХЭМҮТ, Хавдар судлалын үндэсний төв болон хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлгийг Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Австралид төгсөгчдийн холбоо, Хавдаргүй Монгол ТББ хамтран зохион байгууллаа.
ДЭМБ-аас хүүхдийн хорт хавдрын өвчлөлд анхаарал хандуулж, 2018 онд улс орнуудын Засгийн газарт хандан Дэлхий дахины санаачилга гаргажээ. Санаачилгад “Хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг 2030 он гэхэд 60 хувиас дээш хүргэх”-ийг уриалсан байна.
“Хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах чадвар өндөр хөгжилтэй орнуудад 80 хувь, буурай хөгжилтэй орнуудад 20 хувьтай байна гэсэн статистикийг “Хавдаргүй Монгол” ТББ-ын тэргүүн Б.Цэцэгсайхан онцлов.
Монгол Улсын хувьд хорт хавдрын төрлөөс шалтгаалан хүүхдийн амьдрах чадвар харилцан адилгүй байна. Хүүхдэд хамгийн түгээмэл тохиолдож буй гурван төрлийн хорт хавдрыг авч үзвэл:
- Цусны хорт хавдартай хүүхдийн амьдрах чадвар 64.6 хувь
- Тархи, нугасны хорт хавдар- 46.7 хувь
- Зөөлөн эдийн хорт хавдар- 72.6 хувь байна хэмээн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ы доктор Ш.Энхтөр мэдээлээд, хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 90 хувьд хүргэх зорилт тавьснаа дуулгав. Тэрбээр бидэнд нэг ч хүүхдийн амь нас, эрүүл мэнд чухал гэсэн юм. ЭХЭМҮТ хоёр жилийн турш цусны хорт хавдартай хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, саяхан дүнгээ гаргажээ.
2018 оны байдлаар Монголд хавдартай 0-17 насны 702 хүүхэд байгаагаас 260 нь хорт хавдартай ЭХЭМҮТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Хавдартай хүүхдүүдийн эмчилгээг улс бүрэн хариуцдаг бөгөөд эмчилгээний өртөг өндөр тул төсөв арайхийн дааж байна. Тиймээс хавдартай хүүхдийн эмчилгээний төсвийг нэмэгдүүлэх шаардлага бийг тэрбээр дурдав. Монгол Улсад:
- Цусны хорт хавдар
- Нүд, түүний дайврын хавдар
- Зөөлөн эдийн хавдар
- Тархи, нугасны хорт хавдар хүүхдэд зонхилон тохиолдож байна.
Хүн амын тоо өсөхийн хэрээр хүүхдэд тохиолдох хорт хавдар ч нэмэгдсээр байна. 2014 манайд хорт хавдартай 134 хүүхэд бүртгэгдэж байсан бол 2018 онд 260 боллоо. Иймд “Хүүхдийн хорт хавдрын үндэсний хөтөлбөр” боловсруулан, хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал гаргав. Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг хамтад нь шийдэж өгвөл бодит үр дүнд хүрнэ. Мөн эмч, сувилагчдын цалин, хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах хэрэгтэй байна. цалин, хангамж муугаас бид бэлдсэн дөрвөн эмчээ хувийн эмнэлэгт алдсан гэлээ.
Ж.ЧИНБҮРЭН: ЭЛЭГНИЙ В ВИРУСТЭЙ ЭХЭЭС ТӨРСӨН ХҮҮХЭД 15-20 ЖИЛИЙН ДАРАА ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛ, ХАВДРААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ
Хүүхдэд тохиолдох хорт хавдрын шалтгаан юу вэ? гэсэн асуултад Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, хавдрын мэс засалч Ж.Чинбүрэн, Зөвхөн хүүхдэд тохиолдох гэлтгүй ихэнх хавдрын шалтгаан тодорхой бус байдаг. Хүүхдэд тохиолдох хорт хавдрын хувьд генийн тогтолцоотой холбоотой байх нь бий.
Дүрс оношлогоо хөгжсөнөөр ургийн элэг, бөөрөнд байгаа хавдрыг оношлох боломж бүрдсэн. Бид ураг байхад нь хавдрыг оношлоод, төрснөөс хойш 50 хоногтойд нь дурангийн аргаар мэс засал хийж хавдрыг авсан. Хүүхэд хагалгаа хийлгэсний маргаашнаас мөөмөө хөхөөд эхэлсэн тохиолдол бий. Нөгөө талаар хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол маш чухал байна. Архи, тамхины замбараагүй хэрэглээ, хэт таргалалт зэрэг амьдралын буруу хэвшлүүдээс болж, халдварын бус өвчнүүд нэмэгдэж буйг мэдээлж, сурталчилсаар байгаа. Элэгний В вирустэй эхээс төрсөн хүүхэд 15-20 жилийн дараа элэгний хатуурал, хавдраар өвчлөх эрсдэлтэй. Тиймээс элэгний вирусийн халдвартай эхээс яаж хүүхдийг халдваргүй төрүүлэх асуудал гарч ирнэ гэсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид хавдартай хүүхдийг эрт илрүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг сануулж байв. Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хорт хавдрын оношилгоо 97 хувьтай байгаа бол Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудад 30, Монголд 40 хувь байна гэсэн судалгааг хавдрын мэргэжлийн олон улсын байгууллага 2019 оны хоёрдугаар сард танилцуулсныг “Хавдаргүй Монгол” ТББ-ын тэргүүн Б.Цэцэгсайхан иш татан мэдээлэл өглөө.