Өнгөрөгч долоо хоногт “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн болж, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Гэр бүл,хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавилаа. Сайд илтгэлдээ сүүлийн үед гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна.Хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг томчуудын дунд хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, ухамсар дутмаг байгааг онцлов.Иймд сургуулиудад хүүхэд тулгамдсан асуудлаа ярилцаж зөвлөлдөх мэргэжлийн сэтгэл зүйч байх шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр 2019 оны эхний 4 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 486 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сургалтын байгууллагын орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 23 байна. Эдгээр тоо баримтаас харахад гэр бүлийн орчинд “ээлтэй орчин” бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүний тулд гэр бүлийн хүүхдүүдийнхээ орчинд цахим хэрэглээх хянах, хязгаарлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх,хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дадал хэвшил олгох хүртэл эцэг эх, асран хамгаалагчид анхаарах цаг болжээ.
