ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МХЕГ, НДЕГ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН” 2019 оны 05 дугаар сарын 20-нд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөв.
Чуулганд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХНХ-ын сайд С.Чинзориг болон ХАБЭА-н үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 800 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлаар бүтэн өдөр чууллаа.
ХАБЭА-н үндэсний чуулган 3 салбар хуралдаанд хуваагдан явагдсан.
ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэгээр удирдуулсан эхний салбар хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа”-ны талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр эрсдэлтэй салбар буюу зам тээвэр, уул уурхай, барилгын салбарын ХАБЭА-н тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, чуулганы зөвлөмжинд тусгах саналыг нэгтгэсэн юм.
Харин хоёр дахь салбар хуралдааныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн удирдан явуулав. Тус салбар хуралдаанаар “Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилсан сэргийлэлт” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Ингэхдээ ОХУ-аас ирсэн Ангарскийн Дорнод Сибирийн дээд сургуулийн багш Елена Александровнагийн илтгэл хуралдаанд оролцогчдын сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Тиймдээ ч мэргэжлээс шалтгаалах өвчлөлтэй холбоотой олон асуудалд оновчтой хариулт өглөө гэдгийг оролцогчид онцолсон.
МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяраар удирдуулсан салбар хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь” сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Япон улсын “Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх Хироши Накашима-гийн Япон улсын ХАБЭА-н салбарын туршлага, ололт амжилтын талаарх илтгэлийг оролцогчид илүүтэй сонирхож байлаа.
Гурван салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг ХНХ-ын дэд сайд ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг танилцуулсан юм. Тодруулбал,
ХАБЭА-н хууль тогтоомж стандарт шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж байгууллагад ногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн тоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх
Аймаг сум дүүргийн эмнэлгүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчний анхан шатны үзлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх
Аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүд, үйлдвэр аж ахуйн газруудад МШӨ-ний улмаас ХЧА иргэдэд зориулсан нөхөн сэргээх танхимыг ажиллуулах
МШӨ-нийг оношлох, эмчлэх сувилах барилгын санхүүжилтийг шийдвэрлэх
ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар аж ахуйн түвшинд шинэлэг, үр нөлөөтэй тогтмол зохион байгуулах
Малчид, тариаланчдад үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн засаг захиргаа ХХААХҮ-ийн яамтай хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх
Сургалт судалгаа статистикийн мэдээллийг хөгжүүлэх чиглэлээр ХАБЭА-н ажилтанг мэргэшүүлэх, МШӨ-ний мэдээллийг эрүүл мэндийн статистик мэдээлэлд бүртгэлд оруулах зэрэг дараах зөвлөмжийг чуулганаас гаргалаа.
Түүнчлэн чуулганд оролцсон төлөөлөгчид ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэгдсэн олон чухал зөвлөмж, санал санаачлагыг дэвшүүлсэн төдийгүй чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх нь илүү ач холбогдолтой гэдгийг холбогдох төрийн байгууллагын удирдлагуудад сануулж байсан юм.
ХАБЭА-н талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, ХАБЭА-н эрх зүй стандартын зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, жишиг түвшинд хүргэн нийцүүлэх, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэсний болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд шинэлэг, үр нөлөөтэй арга хэлбэрээр тогтмол зохион байгуулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулсан.