//Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоол энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлж байна. Хэдийгээр орон даяар өнөөх утаагаа мартдаг улирал нь эхэлж, зуны тэргүүн сар гарсан ч нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд өглөө, оройдоо нүүрсээ түлж, яндангаас нь суунаглах утаа замхраагүй. Ялангуяа өвлийг санагдуулахаар их хэмжээний цас хөдөө орон нутагт орж, нийслэлд ч бас хавирга жиндүүлэм хүйтэн энэ өдрүүдэд нүүрсээ санагалзсан иргэдийн эрэлт, хэрэгцээг “Тавантолгой түлш” ХХК-иас хангаж, ажиллах учиртай. Сайжруулсан шахмал түлш худалдах 107 цэг ажиллана.Өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж байна. Цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа гэв. Өргөтгөл хийснээр сайжруулсан шахмал түлш илүү ихийг үйлдвэрлэх боломжтой юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар Таван толгойн түлш ;ХХК 60 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөцөлсөн байна. Цаашдаа энэ оны дөрөвдүгээр улиралд багтааж 490 мянган тонн түлш нөөцөлж, худалдах цэгүүд дээр хүргэж, нийлүүлэх юм. Нийлүүлэлт, нөөцлөлтөөс гадна зөв хэрэглээг төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байна. Бид энэ асуудал дээр анхаарч ажиллах ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад аль нэг байгууллага, алба тушаалтнаас илүү иргэдийн орлцоо маш чухал. Бид иргэдийг сайжруулсан түлш хэрэглэх бүхий л бололцоогоор хангана. Үнийн хувьд түүхий нүүрснээс хямд байх боломжийг бүрдүүлэх бөгөөд эргээд хяналтаа маш хатуу тавина. Мөн нам даралтын болон бусад зүйлсийг шатаадаг байдлыг таслан зогсооно. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг, хороодын Засаг дарга, ажлын алба, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор зохион байгуулалттай хяналтын ажлыг хийнэ” хэмээ ярилаа.

Харин иргэдэд уг сайжруулсан шахмал түлш хүрэлцээтэй байж чадаж байна уу гэдгийг энэ удаа сурвалжлахаар  нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг зорилоо.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ САЙН ТҮЛШ БОРЛУУЛАХ ГАНЦХАН ЦЭГ БАЙНА

Нэг сая 200 мянга орчим оршин суугчтай нийслэлийн хамгийн их хүн амтай том айл нь Сонгинохайрхан дүүрэг. Тус дүүргээс гаргасан 2018 оны  статистик мэдээллээс үзвэл нийт 322.458 мянган хүн ам оршин суудаг аж.  Иргэдийнх нь дийлэнх хэсэг нь 73.5 хувь нь буюу  239.605 мянга нь гэр хорооллынхон.  Эдгээр айл өрхийн 50.5 хувь буюу 32.023 нь байшинд, 49 хувь нь 32023 өрх / 112204  хүн ам/ гэрт амьдарч байна.

Өвөлдөө хамгийн их агаарын бохирдолтой Баянхошууны Хөтлийн буудалд “Тавантолгой  түлш” ХХК-ны сайжруулсан түлшийг борлуулах ганцхан цэг бий. Тус цэгт өдрийн 12.00 цагийн үед очиход 9000 тонн нүүрснээс цаг орчмын дотор нэг тонн борлуулагдаж дууссан байлаа. Борлуулагчдын хэлснээр өглөө нь 11.00 цагийн үед үйлдвэрээс татсан 9000 тонн орчим нүүрс ирснээсээ хойш өдрийн 1.00 цаг гэхэд дуусч, дахин үйлдвэрээс таталт хийдэг байна. Тиймээс сайжруулсан түлш дуусна гэсэн ойлголт байхгүй аж.