//Грекийн Авлигатай тэмцэх прокурорын газар татан буугдаж магадгүй байна

Грекийн Авлигатай тэмцэх прокурорын газар татан буугдаж магадгүй байна

Грекийн Авлигатай тэмцэх прокурорын газрын прокурор Елени Тоулоупаки ажлаасаа чөлөөлөгдөж магадгүй болжээ. 2019 оны 07 дугаар сард түүний идэвхтэй шалгаж байсан албан тушаалтны харьяалагдах улс төрийн нам засгийн эрх авснаас хойш Тоулоупаки нь ажлаа авч үлдэх хүндхэн даалгавартай тулгарчээ.

Хууль зүйн яамнаас 10 дугаар сарын 21-ний өдөр Парламентад танилцуулсан хуулийн төсөлд түүний хамаарах газрыг татан буулгаж Санхүүгийн гэмт хэргийн газраар орлуулах санал гаргасан байна. Шинээр байгуулагдах Санхүүгийн гэмт хэргийн газар нь улс төрийн өндөр албан тушаалтнууд Новартис гэх Швейцарын  эмийн үйлдвэрээс авлига авсан байж болзошгүй хэргийн мөрдөн шалгалтыг зогсооно гэж иргэд шүүмжилж байна.

2019 онд АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Новартис үйлдвэр нь Грекийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдад хууль бус мөнгөн гуйвуулга хийж Гадаадын авлигалын практикийн тухай хуулийг зөрчсөн хэргээр шалгагдаж АНУ-ын Хууль зүйн яам болон Үнэт цаас, биржийн хороотой тохиролцон 347 сая ам.долларын торгууль төлсөн байна.

Гэвч Тоулоупаки нь АНУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран тус гэмт хэрэгт Грекийн хоёр Ерөнхий сайд асан болон бусад албан тушаалтан холбогдсон байж болзошгүй үйлдлийг 2017 оноос хойш үргэлжлүүлэн шалгажээ.  

Энэхүү авлигын хэргээс шалтгаалан Новартис үйлдвэр өөрсдийн эмийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах, Грекийн эмийн зах зээлд давамгай байдал авсан байж болзошгүй юм. Тухайн үед Грек Улсад санхүүгийн гүн хямрал тулгарсан бөгөөд тус авлигын хэргээс шалтгаалан 3.4 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн байна.

“Гүтгэлэг бол хулчгаруудын зэвсэг, тэдний гүтгэлэг надад нөлөөлөхгүй. Тэдгээр гүтгэгчид болон тэдний ард байгаа хүмүүс хууль ёсны өмнө хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээн тус хэрэгт шалгагдаж буй Ерөнхий сайд асан Антонис Самарас 2018 онд мэдэгджээ.

2019 онд прокуророос Тоулоупакид эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тоулоупакид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг тэрээр Афины Эрүүгийн процессын зөвлөлд хүргүүлсэн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Тоулоупаки нь өөрийн улсын шүүх түүнд ял оноох нь тодорхой болсон бөгөөд шударгаар шүүх хуралдаан хийх боломжгүй байна хэмээн Европын хүний эрхийн шүүхэд давж заалджээ.

Дээрх үйлдэл нь Новартис үйлдвэртэй холбоотой авлигын хэргийг шалгуулахгүй байх үйлдэл ба тэрээр одоо амь насандаа ихэд санаа зовох болсон талаар Тоулоупаки мэдээлэл хийжээ. Парламентаар хэлэлцүүлсэн хууль нь түүний олон жилийн турш хийсэн мөрдөн шалгалтын төгсгөл байж болзошгүй гэдгийг түүний өмгөөлөгч Чирдарис мэдэгдсэн байна.

Чирдарис үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх прокурорын газрыг Санхүүгийн гэмт хэрэгтэй нэгтгэж Санхүүгийн гэмт хэргийн газар байгуулах нь зөвхөн Тоулоупакийг төрийн албанаас чөлөөлөхөөс гадна авлигын гэмт хэргийг шалган шийдвэрлэх мэргэшсэн албан хаагчдыг мөн чөлөөлж байгаа үйлдэл юм.” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: occrp.org