//Т.Батзориг: Чагнах төхөөрөмж тавьсан эсэх талаар холбогдох байгууллагад хандсан

Т.Батзориг: Чагнах төхөөрөмж тавьсан эсэх талаар холбогдох байгууллагад хандсан

МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзоригтой ярилцлаа.

  • Танай байгууллагын хэсэг ажилтнууд удирдах дээд байгууллагадаа шаардах бичиг өгчээ. Үүнд ажилтнуудынхаа цалинг хассан гэдэг асуудал яригдаж байгаа юм байна. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Тиймээ, МҮОНРТ-ийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд 9 зүйл бүхий шаардлага хүргүүлсэнтэй танилцсан. Тэдгээр шаардлагын нэг нь үндсэн цалин дээр нэмж олгодог ажил гүйцэтгэлийн 20%-ийг олгох тухай байсан. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу манай байгууллагын санхүүжилтийн тодорхой хувь нь улсын төсвөөс орж ирдэг. Энэхүү дэмжлэгээр бид ажилтнуудынхаа цалинг тавьдаг юм. Гэвч зургаадугаар сараас хойш төсвийн санхүүжилт манай байгууллагад олгогдоогүй. Гэсэн хэдий ч бид ажилтнуудынхаа цалинг хэвийн олгосоор ирсэн л дээ. Наймдугаар сард УИХ-ийн ээлжит бус чуулганаар МҮОНРТ-ийн улсын төсвийн дэмжлэг бүрмөсөн танагдсан учир бид байгууллагынхаа санхүү, эдийн засгийн байдлыг хянаж, хямралын нөхцөлд хэвийн ажиллагааг хэрхэн хангахыг тооцоолох шаардлагатай тулгарсан. Тэвчиж болох бүх зардлыг тэвчье, санхүүгийн хүнд нөхцөлд ажилтнуудаа цомхотгохгүй байя, ажлын байраа авч үлдье, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж цалинг нь олгоё гэдэг шийдвэр гаргасан л даа. Ингэхдээ ажилтны ажлын бүтээмж, цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, чанар, хариуцлага зэргийг үнэлж, үндсэн цалин дээр нэмж олгодог үр дүнгийн нэмэгдлийг дүрэм журмынхаа хүрээнд түр тэвчвэл цомхотгол хийхгүйгээр дараагийн санхүүжилт хүртэл тэсэх боломжтой гэж тооцоолсон. Энэ шийдвэрт Ерөнхий захирлаасаа авхуулаад бүх ажилтан хамрагдсан л даа. Гэхдээ энэ бол зөвхөн 9 дүгээр сард л хамаарах асуудал, бүх сард ийм байсан гэсэн үг биш. Үүнээс хойш санхүүгийн нөхцөл байдлаа эргэн харж, тооцоолсны үндсэн дээр 10 дугаар сараас дээрх тушаалыг цуцалсан. Тодруулбал, манай ажилтнууд 10 дугаар сарын цалингаа бүтэн авна гэсэн үг.

– Танай уран бүтээлчид цалин маш бага авдаг тухайд?

–  Ер нь бол 2014 оноос хойш 2017 он хүртэл МҮОНРТ-ийн ажилтнуудын цалинг огт нэмээгүй байсан. Харин 2017, 2019, 2020 онд шат дараалан нэмж, жишээлбэл, редактор, найруулагч нар татварын дараах дүнгээр есөн зуу гаран мянган төгрөг гар дээрээ авдаг болсон. Цалин тооцохдоо үндсэн цалин дээр ур чадвар, ажил гүйцэтгэлийн үр дүнгийн 20 хүртэл хувийн нэмэгдэл бодож олгодог. Байгууллагын зарим хэсгийн ажилтнууд мөн илүү цагаа бодуулж авдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авдаг гэсэн ойлголт нийгэмд төрүүлсэн байх шиг байна, тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Тухайн сард эмчийн магадлагаатай байсан эсэх, сул зогсолтонд хамрагдсан эсэх, ээлжийн амралтаа эдэлж байгаад тухайн сарын дундуур ажилдаа орсон эсэх, цалингүй чөлөөтэй байсан уу гэх мэт олон шалтгааны улмаас тухайн ажилтны цалин бодогддог. Дашрамд дурдахад Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байсан. Бид дүрэм журмынх нь дагуу шалгуулж байгаа, бодит байдлыг тогтоох биз ээ.

– Корона вирусыг далимдуулж ажилгүй байлгасан, цалинг нь хассан гээд байна?

– Цар тахлын үед бид Засгийн газар, УОК, ЭМЯ-аас гаргасан удирдамж зааврын дагуу ажилласан. Хүн бүр л айдастай байсан үе шүү дээ. Одоо ч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлаагүй байна. Ийм үед хуулийн дагуу байгууллага шийдвэрээ гаргаж, ажилтнуудаа сул зогсолтод хамруулах, ээлжийн амралт олгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн. Сул зогсолтод хамрагдсан ажилтнууддаа Хөдөлмөрийн хууль, гэрээний дагуу 70%, 80%-ийн цалинг олгосон. Дэлхий дахин, Монгол Улсын хэмжээнд нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд харин манай байгууллага сул зогсолтын олговор олгож, ажлын байраа хадгалж үлдсэн, халдвар хамгааллын дэглэмээ ч сахисан. 70, 80% гэж ярихаар үлдсэн 30, 20% нь хэмнэгдсэн байх ёстой гэж ойлгогдох нь мэдээж. Гэхдээ тэр “хэмнэгдсэн” мөнгийг энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нийт ажилтнуудынхаа цалинг 100 000 төгрөгөөр нэмэх замаар буцаагаад л өөрсдөд нь зориулсан. Тийм болохоор цалин хасаж “хэмнээд” дундаас нь завшаад байгаа мэтээр ойлгож болохгүй л дээ.

-Танай захирлуудын цалингийн хэмжээ олон нийтийн анхаарлыг татаж байх шиг байна.

– Ер нь бол хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулиар хүлээсэн үүрэггүй хувь хүний цалинг нийгмийн сүлжээнд зарлах нь зохисгүй л дээ. МҮОНРТ олон нийтийн статустай байгууллагын хувьд өөрийн гэсэн цалингийн сүлжээ мөрддөг. Энэ сүлжээний дагуу захирлууд бусад ажилтнуудын л нэгэн адил үндсэн цалин болон ур чадвар, зэрэг цол, ажил гүйцэтгэлийн үр дүнгийн нэмэгдэл авах үедээ аваад, хасуулах үедээ журмын дагуу хасуулаад, ажлаа хийж байгаа хүмүүс. Байгууллагад орлого оруулбал орлогын урамшуулал олгох журам бий, ийм тогтолцоо бусад байгууллагуудад ч байдаг. Энэ нь зөвхөн дарга нарт үйлчилдэггүй, бүх ажилтанд хамааралтай. Хэн орлого оруулна тэр журмын дагуу урамшууллаа авна л гэсэн үг. Захирлуудын хувьд бол орлого олох үүрэг даалгавартай ажилладаг. Тэгэхээр захирлуудын үндсэн цалин болон орлого оруулсны урамшууллын нэмэгдсэн дүнг олон нийтэд дэлгэсэн, ингэхдээ бас буруу зөрүү бичсэн зүйл харагдсан л даа. Одоо тэгээд залруулж байна гээд хувь хүний цалин, хөлсний орлогыг нийтэд зарлаад байлтай биш. Хуулийн хүрээнд шалгадаг газар нь шалгаад үнэн, зөвийг нь тогтоогоод өгнө байх гэж бодож байна.

– Ажлын нөхцөл муу, унаа тэрэг хүрэлцээгүй гэж бас яригдаж байна.

-Та сая манай байгууллагаар орж ирэхдээ ажлын орчныг ерөнхийдөө анзаарсан байх. Үнэхээр хүн ажиллаж болмооргүй газар санагдав уу гэж асуумаар байна. 2017 онд анх намайг энэ албан тушаалд томилогдоход харин тийм зураг байсан уу гэвэл байсан. Шинэ төв гэж нэрлэгдэх энэ хэсгийн урд жигүүрийг гаднын байгууллагуудад түрээсэлсэн, өрөөний хаалгануудыг нь мулт мулт авчихсан, дусаал гоожсон, тааз нь нурсан хэсэг байсан. Харин уран бүтээлчид маань урд, хойд хэсэгтээ шахагдсан, олуулаа нэг өрөөнд суудаг байсан. Тийм учраас түрээсээ төлдөггүй гаднын олон байгууллагуудыг энэ байшингаас гаргасан. Засаж тохижуулж, уран бүтээлчид, ажилтнуудаа байршуулсан. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Манай байгууллагаар улсын ерөнхийлөгчөөс авхуулаад жирийн үзэгч, сонсогч, гадаадын зочид гийчид ирдэг болохоор үүдний хэсгээ ч тохижуулсан. Жирийн айл өрх ч гэр орноо өөд нь татахыг боддог биз дээ. Тийм л байдлаар энэ том обьектийг өнгөтэй өөдтэй, цэвэр цэмцгэр авч явах гэж хичээж ажиллаж байгаа. Ашиглалтгүй,  тагтаа шувууны үүр, сангас болж орхигдсон хэсгээ ч сэргээн тохижуулж, бүхэл бүтэн телевизийн нэг суваг тэр хэсэгт байршиж байна. Хятадын олон улсын радио түрээсээр ашиглаж байсан хэсэгт одоо манай “MNB-гийн хүүхдүүд” цэцэрлэг ажиллаж байна. Байгууллага маань Авто гараашийн хэсэгтэй. Явуулын станцаас авхуулаад туулах чадвар сайтай жип, хот дотор сурвалжилгад явах суудлын жижиг тэрэг, олуулаа суух микро автобус, ачаа зөөх Porter гээд нийтдээ 34 тээврийн хэрэгсэл байдаг. Салбарууд тухайн 7 хоногийнхоо хуваарийг Авто гараашд өгснөөр хуваарь зохицуулалт хийгддэг юм. Мөн шөнийн ээлжид гарсан ажилтнуудыг гэрт нь хүргэж өгөх, өглөөний ээлжийн ажилтнуудыг авахад өдөр бүр 5 жолооч жижүүрт хонож ажилладаг. Захирлууд унаа хэрэглэдэг ч, тэдгээр жолооч зургийн группүүдэд мөн адил үйлчилж, мэдээ, сурвалжилгад хуваарийн дагуу гардаг. Хүн бүрийн хүссэнээр унаагаар үйлчлэх боломжгүй хэдий ч, хүрэлцээ хангамж муу гэж хэлэх нь үндэслэлгүй л гэж хэлмээр байна.

-Шивнэх төдийд дуу хоолой бичдэг өндөр үзүүлэлт бүхий камер, чагнах төхөөрөмж суулгасан гэж нийгмийн сүлжээгээр их цацагдаж байна. Энэ талаар тодруулга өгөөч.

– Юуны өмнө МҮОНРТ улсын онц чухал обьектийн жагсаалтад орсон, Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг. Дотоодын цэргийн хамгаалалтын дүрэм, стандарт гэж бий. Түүний дагуу л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, эд хөрөнгө, обьектийн хамгаалалтыг сайжруулах үүднээс камер байрлуулсан байдаг. Нөгөө талаар чагнах төхөөрөмж тавьсан гэдэг асуудал хөндсөн нь өөрөө ноцтой асуудал гэж ойлгож байгаа. Чагнах төхөөрөмж энэ байна гэдгээ ч тэдгээр хүмүүс нотлох хэрэгтэй болох байх. Манай байгууллагын хамгаалалтыг давж хэн нэгэн этгээд чагнах төхөөрөмж тавьж, түүнийгээ ямар нэгэн зорилгод ашиглаж байсан нь нотлогдвол асуудал харин өөр болноЧагнах төхөөрөмж тавьсан эсэх талаар холбогдох байгууллагад хандсан.

-Танай ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан хурал дээр ажилтнуудын үнэмлэх, хаалга үүдний талаар бас хөндөгдөж байсан. Энэ талаар юу гэх вэ?

– Та сэтгүүлч, сурвалжлагч хүн, олон л байгууллагаар орж, олон л хүнтэй уулздаг байх. Орчин үеийн байгууллагын ажилтнуудын үнэмлэх, цаг бүртгэл цахимжиж, санхүү, хүний нөөцийн албатайгаа уялдаатай болсныг захын байгууллагын ажилтан хэлнэ. Дээр үеийн кинон дээр гардаг шиг үүдэнд нэг хүн суугаад цаг бүртгэдэг байдал одоо үед байхгүй шүү дээ. 2017 оноос манай байгууллага санхүү, хүний нөөцийн ERP систем ашиглаж эхэлсэн. Ажилтан бүр цахим үнэмлэхтэй болж, ERP системээр өөрийнхөө цаг бүртгэл, цалин хөлсний мэдээлэл, тушаал шийдвэр гээд ажилтантай холбоотой бүх мэдээллийг харах боломжтой болсон. МҮОНРТ-ийн Дотоод журам, Цаг ашиглалтын журмыг хүлээн зөвшөөрч ажилтнууд Хөдөлмөрийн гэрээгээ байгуулдаг. Ямар ч байгууллага энэ зарчмыг л баримталдаг, бид ч тэрнээс гажсан зүйл байхгүй. Нийгэмд болж буй үйл явдлаас шалтгаалж сэтгүүлч, уран бүтээлчид янз бүрийн л цагаар ажилладаг. Үүнийг бид Цаг ашиглалтын журамдаа тусгаад өгчихсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээ хийхдээ түүнийгээ тайлбарлаад ажил олгогч, ажилтан тохиролцоод гэрээгээ байгуулдаг. Коридоруудын хаалгануудыг хэлж байх шиг байна. Нэг талаас аюулгүй байдал, харуул хамгаалалт, эмх цэгцтэй холбоотой. Өмнө нь гаднаас манай ажилтантай уулзах хүн орж ирээд уулзах хүнтэйгээ уулзаад гарахгүй, өрөө, өрөөнд орж хэвийн бус байдал гаргадаг, ажил хийхэд саад болж байна гэдэг гомдол, санал ажилтнуудаас гаргадаг байсан юм. Нөгөө талаас манай энэ том обьект маань өвлийн улиралд сэрүүхэн талдаа байдаг. Тийм болохоор дулаан алдагдлыг багасгах ач холбогдолтой юм. МҮОНРТ бас л хуулийн дагуу, нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр,  Эрчим хүчээ хэмнэж ажиллах ёстой, эрчим хүчний хэмнэлтийн менежерийн ажлыг хийдэг хүн ч бий. Одоо бас дулааны хэмнэлт хийх ёстой гэдэг үүрэг хүлээж байгаа. Ийм л учир шалтгааны үүднээс хийгдсэн ажил л даа.

-Танай байгууллагын ажилтнуудын дунд судалгаа хийгдсэн юм байна. Тэр судалгаагаар ажлын байрны дарамт их гэх мэт асуудлууд хөндөгдсөн гэж яригдаж байна.

-МҮОНРТ-ийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос судалгаа хийсэн, түүнд 256 санал гомдол ирсэн гэж шаардлагад дурдсан байсан. Энэ “судалгаа”-ны дүнд нэлээн ноцтой зүйл дурдагдаж байгаа болохоор надад бас “судалгаа” хийсэн хүмүүсээс асуух асуулт байгаа л юм. Одоогоор судалгааны эх материалтай танилцаагүй байна. Ер нь бол хэн ч ямар ч асуудлаар судалгаа хийж болно. Гэхдээ ямар арга зүй, аргачлалаар судалгааг хийж, үр дүнг яаж тооцож гаргаснаас тэрхүү судалгааны дүн нь байгууллагын бүх ажилтны санал бодлыг төлөөлж байгаа эсэх нь хамаардаг. “Судалгаа” хийсэн хүмүүсээс арга зүйгээ тайлбарласан нь алга. Удахгүй тэр бүхнийгээ хүлээлгэж өгнө байх гэж найдаж байна. Өмнө дурдсанчлан ноцтой зүйл тэрхүү “судалгаа”-нд дурдагдаж байгаа болохоор бид ч бас бодитой хандах ёстой. Хүнийг үндэслэлгүй хохироож, нэр төрд нь халдаж болохгүй л гэж бодож байна.

-Та ер нь байгууллага дээр тань үүсээд байгаа нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?

-МҮОНРТ бол Монголын хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй нийгэм, соёлын хүрээнд томоохон байр суурийг эзэлдэг байгууллага. Янз бүрийн ажил мэргэжлийн, олон ч хүн ажилладаг. Хөдөлмөрийн харилцааны явцад мөн хүн хоорондын харилцааны явцад олон янзын л маргаан, мэтгэлцээн болдог. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж хэлэлцдэг, асуудал бэрхшээл байвал хоёр талаасаа сууж байгаад шийдэж болохгүй асуудал байхгүй гэж бодож байна. Нөгөө талаас энэ байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байж тэр үүргээ биелүүлнэ. Асуудлыг ярилцаж хэлэлцэх замаар шийдвэрлэхээс илүүтэй бүрэн бус, нэг талын мэдээллийг олон нийтэд түгээснээр эцсийн дүндээ энэ байгууллага болон тэнд ажиллаж байгаа олон зуун хүний нэр хүнд, итгэл үнэмшилд л сөргөөр нөлөөлөх болов уу.