//“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо

“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо

“Цахим төлбөрийн QRBARIMT” гэдэг нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримт юм.

Энэхүү баримтыг зориулалтын пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгодог болно. Тодруулбал, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй гэх мэт олон шалтгаанаар иргэдэд ebarimt өгч чаддаггүй татвар төлөгчид ашиглах боломжтой.

Монголын татварын алба эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 19 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулсан. Ингэснээр иргэд худалдаа, үйлчилгээ хийсэн газартаа татварын албанаас байршуулсан QR кодыг Ebarimt аппликейшны камераар уншуулан ‘Ибаримт үүсгэх’ товч дээр даран хувь хүн эсвэл байгууллага дээрээ “цахим төлбөрийн QRBARIMT” үүсгэнэ. Үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг борлуулагч шалган ebarimt аппликэйшнаар /эсвэл invoice.ebarimt.mn/ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт иргэн танд автоматаар бүртгэгдэнэ.Иргэн бүр татвар төлөгчийн “Цахим төлбөрийн QRBARIMT”-ийг ebarimt аппликейшнаар уншуулж баримтаа үүсгэж авах боломжтой учраас иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгох боломжтой. Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд мөн адил сэргээн авч болно.
Иргэд та бүхэн цахим төлбөрийн QRBARIMT-ыг хэрхэн ашиглах талаар заавар мэдээлэлтэй qr.ebarimt.mn сайтаар хандаж танилцаарай.