//ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч “Марал” анхны ярилцлагаа хийлээ

ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч “Марал” анхны ярилцлагаа хийлээ

Намрын дунд сар шувтарч өвөл хаяанд ирснийг сануулан жавар хайрсан амралтын өдрийн өглөө хотын баруун хэсэг хөл хөдөлгөөн ихтэй. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан олон хаа нэг тийшээ яарахыг хараад тэдэнтэй нэгдэх хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тэдгээр хүмүүс хаа нэгтээ их л чухал үйл явдалд оролцох эс бөгөөс баярын үйл ажиллагаа руу яарч яваа гэмээр. Залуучууд голдуу тэр зүг рүү тэмүүлэх бөгөөд аав ээжийнхээ гараас хөтөлсөн багачууд ч харагдана. Тэд ийнхүү нэг зүгт тэмүүлж буй нь 14 дэхь намартаа зохион байгуулагдаж буй ICT экспо буюу харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийн үзэсгэлэнг үзэх гэж буй нь тэр юм.

Цахим үндэстэн гэх уриан дор нэгдсэн технологийн шилдгүүд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн талбайг бүрэн автоматжуулж орхижээ. Таныг дөнгөж үүдээр орох төдийд л нүүр царай таних систем ажиллаж, халуунтай эсэхийг чинь хормын дотор тодорхойлж орхино. Системд төвөггүйхэн бүртгүүлсний дараа цахим доктор таныг угтах бөгөөд хүмүүсийг уураар ариутгаж, үзэсгэлэнт охидууд экспод тавтай морилохыг урина. Нэг талаас цар тахлын үе давхацсан нөгөө талаас  технологийн эринд амьдарч байгаа гэдгийг сануулсан энэ угталт аюулгүй хийгээд ухаалаг байсан нь сэтгэл сэргээнэ. Үзэсгэлэнд хөл тавихын сацуу ирээдүйд эс бөгөөс ямар нэгэн сансрын уудамд хөөрөх хөлөгт суучихав уу гэлтэй содон. Цахим орчин дахь бүтээгдэхүүний дүрд хувирсан залуус хаа сайгүй. Unitel-ын саяхан мэндэлсэн Токи-оос эхлээд сансрын нисгэгчид шиг хувцасласан угтагчид, загварлаг залуус ICT экспог улам ч өнгөлөг болгожээ.

Экспо руу дөнгөж оронгуут үүдний баруун хэсэгт “Е-Mongolia”-н хэсэг байх бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон төрийн 181 үйлчилгээг цахим болгосон талаар хүмүүст мэдээлэл өгөх аж. Хүмүүсийн гар утсанд аппликэйшнийг нь суулгаж өгөөд тайлбарлан ярилцах нь зочдод тун ч таалагдаж байгаа бололтой. Ингэхэд та “Е-Mongolia” аппаа татсан биз дээ. Төрийн үйлчилгээ авах гэж түгжирч, хэн нэгний хаалга сахиж эсвэл ТҮЦ машин хайж явдаг үе өнгөрсөн шүү. Цаашдаа “Е-Mongolia” платформд төрийн 500 гаруй үйлчилгээ байрших юм билээ.

“Е-Mongolia” тэргүүтэй 70 гаруй салбарын шилдгүүд энд технологийн гайхамшгийг харуулсан бүх л бүтээгдэхүүнийг танилцуулах аж. Виртуал орчноос эхлээд, ямар нэг хүүгүй, шимтгэлгүй худалдан авалтын апп, ухаалаг гэр хотын систем, цахим даатгал тэр ч бүү хэл үнэрийг тоон системд хувиргаж зөвхөн танд зориулсан үнэртнийг гаргах үйлчилгээ, технологийн урлагийг таниулахаар зориглосон старт-апууд хүртэл ICT-д байлаа.

Мөн “Е-Mongolia”-ын эсрэг талд МОSА буюу Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо экспог шууд дамжуулж олон сонирхолтой зочидтой ярилцах аж. Бүр бидний төсөөлөө ч үгүй хиймэл оюун ухаант хөтлөгчийг  энэ үеэр танилцууллаа.

Монголын хамгийн анхны хиймэл оюун ухаант хөтлөгч бүсгүй Марал дэлгэцийн цаанаас Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагдтай  анхны ярилцлагаа хийлээ.  Цугласан олон ч тэр зүг гайхширч зарим нэг нь үл итгэн элдэв таамаг дэвшүүлнэ.