//Говь-Алтай аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Говь-Алтай аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээж, ашиглалтад хүлээж авлаа. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.

Тус А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын “Барих-Шилжүүлэх” гэрээний дагуу барьж ашиглалтад оруулж байна. Зам барилгын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальтбетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна.

Баянхонгор-Алтай чиглэлийн энэхүү хатуу хучилттай авто зам баригдсанаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулвал баруун чиглэлд зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40 хувь, цаг хугацааг хоёр дахин хэмнэх юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 аймгийн 95 сум, 5 хилийн боомтыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбожээ. Харин өнөөдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг хүлээж авснаар 21 аймгаа нийслэлтэйгээ хатуу хучилттай авто замаар холбож чадлаа.