Нүүрс тээвэрлэлтийг цогцоор нь шийдвэрлэх даалгавар өгөв

access_time 2019-05-14
remove_red_eye 15

Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Засгийн газраас хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол” -ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болохыг үүрэг болгосон байна.Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь хоёрдугаар улиралд багтаан сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгажээ.
Түүнчлэн энэ оны хоёрдугаар улиралд багтаан Гашуунсухайт авто зам компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, тоног төхөөрөнж, техник хэрэгслээр хангахаар боллоо. Тавантолгой- Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулж, шаардагдах зардлыг нь гаргахыг сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энэржи ресурс” компанийн удирдлагуудад даалгалаа.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолооч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг болох талаар судалж танилцуулах, ачаа тээвэрлэх зөвшөөрөл олголтыг ил тод болгох, тээвэр зохион байгуулалтыг сайжруулахаас гадна мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах зэргийг чанаржуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn