Нийт нутгаар хур тунадас тааруу байгаа ч өнгөрөгч намар оройн хур тунадсаас үлдсэн хөрсний чийгээр ногоо ургасан, мал сүрэг тэнхлүүн байгааг малчид ярьж буй. Гэхдээ энэ чийгний ногоог хатаж дуусахаас өмнө хур тунадас орохгүй бол цаашид бэлчээрийн хувьд хүндхэн болохыг ч дурсаж байлаа. Цаг уурчдын мэдээллээс харахад өнгөрөрч дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-6.5мм байсан бол Өвөрхангайн Хайрхандулаан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дундговийн Адаацаг, Мандалговь, Дэрэн, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад 10.1-15.7 мм, Архангайн Өлзийт, Дундговийн Хулд сумдад 21.8-26.3 мм орсон байна. Харин Ховд, Увс, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор,Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 гаруй хувьд дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон гэжээ. Тэгэхээр нийт нутгаар хур тунадас бага байна гэсэн үг. Харин бэлчээрийн ургамал нийт нутгийн 90 орчим хувьд цухуйсан буюу ургамлын ургалтын байдал Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар сайн буюу ургалт хэвийн явагдаж байна.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан намар орой орсон хур тунадасын чийгний үлдэгдэл юм. Гэтэл Увс, Сэлэнгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Сүхбаатарын зарим, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй, үзүүрээсээ шарласан байгааг өгүүлсэн. Тэгвэл Баян-өлгий, Ховд Завхан, Говь-Алтай Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговь, Дундговийн ихэнх, Увс, Хөвсгөл, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар газрын гарц маш муу байгааг хэллээ.
Цаг уурын мэдээллээс харвал энэ сарын эхний 10 хоногт баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орохыг урьдчилан анхааруулжээ.
Үүнээс харвал энэ зуны эхэн сарын эхний 10 хоногт нийт нутгаар алагтай цоогтой, тийм ч хур бороо элбэг бус байх бололтой. Харин тавдугаар сарын дунд 10 хоногоос нийт нутгаар их бага хэмжээгээр хур тунадас орох юм байна.Тэгэхээр намар оройн чийгнээр ургасан өвс ургамал эргээд сэргэх, зуншлага сайхан болох төлөв байгааг хэллээ.
