Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох зарлигийг Ерөнхийлөгч гаргалаа

access_time 2019-05-13
remove_red_eye 9

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг дөнгөж сая гарчээ.

Өмнө нь Шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Ганзоригийн нэрийг дэвшүүлсэн боловч Ерөнхийлөгч татгалзсан хариу өгсөн юм. Улмаар Х.Батсүрэнг Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулгад тавдугаар сарын 7-ны Мягмар гарагт хүргүүлснийг өнөөдөр ийнхүү томиллоо.

ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn