//О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд амжилттай ажилласан

О.Отгонбаяр: Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах чиглэлд штабууд амжилттай ажилласан

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 3-р сарын 20-ны өдрийн А/139 тоот тушаалаар тус үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын т а р х а л т т а й холбоотойгоор үүсэж буй хүндрэлийг даван туулж, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх Төв штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штабын 9 дэх хуралдаан саяхан боллоо. Энэхүү хуралдаанаар авч хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлэхээр зорьж буй ажлын явц, цаашдын зорилтын талаар Төв штабын нарийн бичгийн дарга, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа. 

– Та эхлээд Төв штабын зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө үү?

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө баталж, 2020 оны Төв штаб, мөн чиглэл хариуцсан дөрвөн штабын үйл ажиллагааны зохион байгуулалтад орж ажилласан. Корона вирусын тархалттай энэ үед уурхайчид, тэдний гэр бүлийг хамгаалах, мөн улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй хөрөнгийг бууруулахгүй байх гэсэн үндсэн зорилго тавьж, уурхайчид мөр зэрэгцэн, гар сэтгэл нэгдэн ажиллаж ирлээ. 

– Төв штабын 9-р хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?

– Штабын оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, Төв штабын зүгээс чиглэл хариуцсан штабын ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн. Хямралын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл 57 хувьтай, өмнөх наймдугаар хуралдаанаар чиглэл хариуцсан штабуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт 95,9 хувьтай гарсан. Манай чиглэл хариуцсан штабууд тус тусдаа төлөвлөгөө гарган ажилласан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бууруулахгүй байх, санхүүгийн нэмэлт орлого олох, зардлаа бууруулах, хүндрэлийг даван туулах чиглэлээр штабууд амжилттай ажилласан гэж дүгнэсэн. Санхүү, эдийн засгийн, Үйлдвэрлэлийн, Нийгмийн, Хөгжлийн чиглэлийн дэд штабуудын үйл ажиллагааг дүгнэж, хямралын эсрэг арга хэмжээний оролцооны хувь хэмжээг гаргасан. Хямралын үед хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцсон цехийн ажиллагчдад тодорхой хэмжээний урамшуулал олгох чиглэл өгсөн. 

Мөн шинээр байгуулагдсан Гадаад харилцааны болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Мэдээллийн технологийн хэлтсийн үйл ажиллагааны тайланг авч хэлэлцлээ. Эдгээр газар, хэлтсүүд бий болсноор Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлт, давуу болон сул тал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан. Энэчлэн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлыг штабаар хэлэлцэж, нэмэлт даалгавар өгч ажилласнаар бид хямралыг амжилттай даван туулж байгаа гэж үзэж байна. 

– Чиглэл хариуцсан штабуудын ажлыг тухайлчлан дүгнэсэн гэлээ. Энэ талаар тодруулбал? 

– Уурхайчин хамт олон маань өөрийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг нэмэлтээр үйлдвэрлэх, зардал хэмнэх төлөвлөгөөт даалгавраа амжилттай биелүүлсэн. Түүнчлэн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү, эдийн засаг мөнгөний оновчтой бодлого, худалдааны гэрээг сайжруулсны үр дүнд нэмэлт орлого олж байна. Энэ ч утгаараа оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь биелүүлсэн. Энэ нь Үйлдвэрлэлийн болон Санхүү, эдийн засгийн чиглэлийн штабууд зорилтоо амжилттай хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэсэн.

Хөгжил болон Нийгмийн чиглэлийн штабууд том төслүүдийг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалахад анхаарлаа хандуулан ажиллалаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох үед дотоод зохион байгуулалт хийж, цалин хөлсийг бууруулахгүй байх арга хэмжээ авсан. Үйлдвэрийн ирээдүй, ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудал, сайн сайхны төлөө чиглэсэн эдгээр штабын ажлыг ахицтай байсан гэж дүгнэсэн. Төв штаб үйл ажиллагаагаа хямралыг даван туулах, сөрөг үр дагавраас сэргийлэхэд чиглүүлэхээс гадна, том төслийн бүтээн байгуулалтын ажил тус бүрийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, гарц гаргалгаа, үүрэг чиглэл өгч, шийдвэр гаргаж ажилладаг нь ихээхэн үр дүнтэй байна гэж Ерөнхий захирал дүгнэсэн. 

– Төв штабаас цаашдаа хэрхэн ажиллахаар зорьж байна? 

– Он дуусах хүртэлх дөрвөн сарын хугацаанд манай Уурхайчин хамт олон хэрхэн ажиллах тухайд Төв штаб зорилтоо тодорхойлсон. Дэд штабууд үйл ажиллагаандаа ямар өөрчлөлт хийх, юун дээр илүү төвлөрч ажиллахаа хэлэлцсэн. 2020 оны зорилтот түвшинд хүрэхэд дотоод болон гадаад орчны нөлөөлөл, улс орны эдийн засгийн байдал, зэсийн үнийн хэлбэлзэл зэргээс шалтгаалан төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулж, дахин нэмэлт даалгавар аван ажиллах шийдвэр гарсан байгаа. Ийнхүү үлдсэн саруудад энэ оны зорилтоо биелүүлэн ажиллах нь манай штабын гол ажил.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс