//Их зураач Б.Шаравын гэрэлт хөшөөг Алтай хотод сүндэрлүүллээ

Их зураач Б.Шаравын гэрэлт хөшөөг Алтай хотод сүндэрлүүллээ

Ард олондоо “Марзан” хэмээн хүндлэгдсэн 20 дугаар зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Балдуугийн Шаравын гэрэлт хөшөөг их зураачийн удмынхан бүтээлгэж, нэрэмжит сургууль болох Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн өмнөх талбайд хүндэтгэн заллаа.

Уран барималч А.Ихбаньдын урласан тус хөшөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, “Багануур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Шаравын гуч Эрдэнийн хүү С.Номинчулуун, Б.Шаравын гуч, өндөр настан Х.Алтангэрэл, Э.Хишигжаргал, Э.Түмэнжаргал, Э.Баянмөнх, их зураачийн гуч Монхорын охин М.Амартүвшин мөн Гуравугаар сургуулийн захирал М.Нохойхүү болон албаны бусад хүмүүс тус сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.

Энэ үеэр их зураачийн хөшөөний нээлтэд зориулан Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд гурван насны ангиллаар зохион байгуулсан гар зураг, шүлгийн уралдааны дүнг танилцуулж шагналыг гардуулсан юм.

Балдуугийн Шарав нь 1869 онд Засагт хан аймагт (одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Давааны өвөлжөө хэмээх газар) малчин ардын хүү болон мэндэлж. Монголын дүрслэх урлагт гурван хэмжээст зургаар дагнан бүтээлүүдээ туурвиж, Монголын нэг өдөр, Наймдугаар богд Жавзандамба хутагт, хатан Дондогдулам, “Ленин” зэрэг алдарт бүтээлүүдээ туурвиж Монголын уран зургийн сан хөмрөгт мөнхжүүлжээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ЗДТГ