Чингис хот бэрх чиглэлийн 70км авто замын барилгын ажлыг эхлүүлжээ.

access_time 2019-05-09
remove_red_eye 22

Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймагт дөрөв дэхь өдрөө ажиллаж байна.Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын албаныхан Чингис хотод шинээр баригдаж буй бүтээн байгуулалтуудтай танилцаж, албаныханд үүрэг өглөө.
Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүллээ. Санхүүжилтэд бэрхшээл учрахгүй бол энэ оны 11 дүгээр сарын нэгэнд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл гарахгүй, тендерт шалгарсан компаниуд нь олон жилийн туршлагатай учраас найдвартай, чанартай зам барина гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж гүйцэтгэгч компаний удирдлагуудад хэлжээ.

Тэрээр хэлэхдээ, энэ зам “Түүхэн аялал жуулчлал”-ын үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын нэг чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулна. Иймд гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэхийн хирээр Хэнтий аймгийн түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын хэрэгцээ, шаардлага их болно гэлээ.

Чанарын шаардлагад нийцээгүй автозам хоёр жилийн ч насжилтгүй, борооны усанд урссан жишээ Монголд цөөнгүй байдаг. Энэ нь монголчууд чанаргүй, гадныхан сайн хийдэг гэх ойлголтыг хүмүүст төрүүлэх гол шалтгаан болдог учраас замын чанарт онцгой анхаараарай. “Түүхэн аялал жуулчлал” нь Хэнтий аймгийн сумдаас гадна ОХУ-ын зарим бүс нутагтай холбогдох учраас зөвхөн Монгол Улсын асуудал биш, Монгол туургатнаа даллан дуудах өргөн хүрээг хамарсан асуудал юм” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn