//М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр “Цэргийн наадам-2020”-д оролцохгүй

М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр “Цэргийн наадам-2020”-д оролцохгүй

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын “Цэргийн наадам”-ыг зохион байгуулах талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй юу?

-Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны санаачилгаар олон улсын Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Цэргийн наадам”-ыг 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Оросын Холбооны Улс бусад зохион байгуулагч улстай хамтран 2020 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Цэргийн наадам”-ын цэргийн мэргэжлийн цогцолбор уралдаан, тэмцээнүүдийг дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

-Монгол Улсын хувьд ямар үүрэг, оролцоотой байгаа вэ?

-“Цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг зарим төрлийн цогцолбор уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 оноос эхлэн амжилттай оролцож ирсэн. Түүнчлэн 2019 онд анх удаа олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулан уралдаанд оролцогч орноос зохион байгуулагч орон болж оролцоогоо нэмэгдүүлсэн.

-УОК-оос “Цэргийн наадам”-ыг зохион байгуулахтай холбоотой ямар санал, зөвлөмжийг ирүүлсэн бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин “Цэргийн наадам-2020”-ын хүрээнд явагдах олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг бие даан, “Цэргийн ралли” уралдааныг Оросын Холбооны Улстай хамтран өөрийн оронд болон тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Мөн ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Шри Ланк улсуудад зохион байгуулагдах “Танкийн биатлон”, “Инженерийн томъёолол”, “Цэлмэг тэнгэр”, “Зэвсгийн мастер”, “Артиллерийн галын мастер”, “Хурдач радист”, “Мэргэн буудагчийн зааг” “Хээрийн гал тогоо” зэрэг уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийг бэлтгэн оролцуулахаар тус тус төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гаргасан УОК-ын шийдвэрийг үндэслэн дээрх уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал намжвал бид 2021 онд “Цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах эдгээр уралдаан, тэмцээнд үргэлжлүүлэн оролцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: “Соёмбо” сонин