//Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл ирэх сарын 03-наас эхэлнэ

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл ирэх сарын 03-наас эхэлнэ

НИЙСЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ
2020 ОНЫ 08 ДУГААР САРЫН 03-НААС ЭХЭЛНЭ

2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд НБГ-ын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид шинээр элсэх сурагчдын цахим бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, бэлтгэл ажлын явцын талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, БШУЯ-ны “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Үнэнбат болон албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан бөгөөд энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангийн  элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаад байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчид /Parent.esis.edu.mn/ системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа элсэх хүсэлт илгээж бүртгүүлнэ.

Уг цахим бүртгэл 8 дугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар элсэх боломжтой сургуульд нь уламжлалт аргаар бүртгүүлж болно.Нийслэлийн Боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай”  А/36 тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Энэ тушаалын дагуу тухайн элсэгч зөвхөн өөрийн харьяаллын сургуульдаа бүртгүүлэх боломжтой юм.

2020-2021 оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр  39439 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.