//Иргэн бүртээ хүрч ажиллахыг Н.Энхтайван сайд үүрэг болголоо

Иргэн бүртээ хүрч ажиллахыг Н.Энхтайван сайд үүрэг болголоо

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад гацсан, нөхцөл байдал нь хүндэрсэн иргэддээ боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан, нэг ч иргэнээ  төр, засгийн анхаарлын гадна орхихгүй байхад онцгой анхаарч ажиллахыг хилийн чанад дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нарт үүрэг болголоо.

Иргэддээ хандсан мэдээлэл, зөвлөмжийг олон нийтийн сүлжээ, ДТГ-ын цахим хуудсаар шуурхай түгээх, эргэх холбоотой ажиллах, иргэдийн төлөөллийг эрүүл ахуйн горимыг мөрдөн ДТГ-т хүлээн авч уулзах, санал гомдлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бодит байдлыг тайлбарлан таниулах зэрэг боломжит бүхий л арга хэмжээ авахыг сайд онцлов.

Мөн “Зарим ЭСЯ-ны хаалга үүд хаалттай байна, орж чадахгүй байна” гэсэн гомдол, мэдээлэл ирж байгаатай холбогдуулан иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх чиглэлээр ДТГ-ууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдээс цахим хуудас, цахим шуудан, шуурхай болон албаны утсаар хандсан даруйд хариу өгч хэвших, холбогдох бүртгэл хөтөлж, ГХЯ-нд өдөр бүр илтгэж байхыг сайд Н.Энхтайван анхаарууллаа.