//Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана

Багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн байр суурь, оролцоог хангаж ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн энэ сарын 17-ны өдөр Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон тэргүүлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, салбараа сайн мэддэг хүн сайдаар томилогдсонд баяртай байна гээд санал, хүсэлтээ танилцууллаа.

Тус холбооны зүгээс яамтай өмнө байгуулсан хамтын хэлэлцээрийг идэвхтэй үр дүнтэй хэрэгжүүлэх, багш нарын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, түрээсийн орон сууцанд хамруулах, багшийн нэр хүндийг өргөх ажлыг тасралтгүй зохион байгуулах, сургалтын байгууллагуудын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хуульд заасны дагуу бүтэн олгох талаар тодорхой санал хэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн даргыг Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд албан ёсоор оруулж, салбарын хөгжил, ялангуяа багшийн хөгжлийн асуудалд үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангана.

Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хүндтэй нэр хүндийг хадгалах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад тодорхой арга хэмжээ хэрэгжүүлнэ. Багшийн ажлын үнэлэмжийг сургалтын чанартай нь холбож үзнэ. Чадварлаг, мэдлэгтэй, идэвх, санаачилгатай багш сайн цалин авдаг болгохын төлөө ажиллана. Сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгаж, тодорхой хугацаанд судалгааны үндсэн дээр сайжруулалт хийнэ. Суралцагчаа, багшаа, ажилтнаа, салбараа, дэмжих хөгжүүлэх шинэчлэлийн олон ажил төлөвлөж байна гэлээ.

Эх сурвалж: БШУЯ