//Ганцхан эмнэг мориноос болж Византийн 30 цэрэгтэй арми бутниргүүлсэн ТҮҮХЭЭС …

Ганцхан эмнэг мориноос болж Византийн 30 цэрэгтэй арми бутниргүүлсэн ТҮҮХЭЭС …

 


Тулааны хувь заяа жанждын ур чадвар цэргүүдийн эр зоригоос шалтгаалдаг гэдэг. Тэгвэл огт санамсаргүй тохиолдлоос болж ялж ялагдах нь цэрэг дайны түүхэнд олонтоо гарчээ.
                                                                 Бүтэлгүйдсэн төлөвлөгөө
10-р зууны эхээр зүүн Ромын эзэнт гүрэн болох Византи, нүүдэлч удмын болгарчуудын харилцаа ихэд ширүүсжээ. Дон мөрний чанадаас нүүж ирсэн Болгарын хаан Симеон I цэргээ удирдан хил хязгаарыг нь байнга халдан түйвээх болов. Энэ үед зүүн талдаа арабчуудтай тулалдаж байсан эзэнт гүрэн тэдэнтэй яаралтай найрамдлын гэрээ байгуулаад цэргээ баруун хил рүүгээ татаж Болгарын аюулыг нэгмөсөн дарж авахаар төлөвлөжээ. Симеон I хааныг дайлах их цэргийг Фракий. Македони, Анатолийгоос татсан дайчдаар хүч нэмэгдүүлсээр 30 мянгад хүрч эзэнт гүрний шилдэг жанждын нэг Лев Фокийг ерөнхий командлагчаар томилсон. Болгарчуудыг ар талаас нь цохихын тулд нүүдэлч печенэгүүдийг холбоотон болох ажиллагаа ч амжилттай болжээ. Хар далайд ноёрхож байсан Византийн флот нүүдэлчдийг гол гатлахад нь туслахаар Дунай мөрнийг өгсөн хөвжээ. Ийнхүү хангалттай их цэргийг чадварлаг жанжинаар удирдуулан хөдөлгөж дайснаа ар өвөр талаас нь хавчин цохих болсоноор дайнд ялах нь бараг тодорхой болоод байжээ. Гэтэл санаанд оромгүй явдал эхнээсээ гарсан. Нүүдэлч печенэгүүдийг өөртөө татах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн Херсонос цайзын ерөнхий захирагч түшмэл нь флот удирдан ирсэн адмирал буюу друнгарий цолтой армян Роман Лакапинтай үйл ажиллагааг удирдах эрх мэдлийг булаацалдан муудалжээ. Эцэст нь адмирал нүүдэлчдийг гол гатлуулалгүй хөлгүүдээ аван буцсанаар хавчин цохих төлөвлөгөө эхнээсээ нурж эхлэв.
Болгарчууд ирж байна …


917 оны 8-р сард Византийн их цэрэг Хар далайн эртний боомт хот Анхилын дэргэдэх Ахелей голд тулж ирэв. Өмнөөс Болгарын хаан Симеон угтан ирсэн. Тулалдаан 20-ны өдрийн өглөө эхэлж хаан нь ихээхэн найдвар тавьж байсан болгарын морь цэргийн дайралт няцаагдаж ихээхэн хохирчээ. Улаан өнгийн гоёл чимэглэлтэй цасан цагаан хүлэг унасан Лев Фок тулалдааныг чадамгай удирдан цаг явах тусам ялалт ромейчүүдийн талд шилжсээр байв.

Болгарчууд ялагдах нь бараг тодорхой болоод байх үед ихэд халууцаж ундаассан Византийн жанжин тулааны талбараас холгүйхэн орших булаг руу явжээ. Өмнө нь тулалдаанд орж байгаагүй морь нь хөөрч амаа булаан байсан гэнэ. Булагт ирээд мориноосоо буух үед гэнэт үргэж цовхрон шадар цэргийн гараас мултарч тулалдааны талбай руу давхижээ. Эмээл нь хоосон давхих ерөнхий жанжны аргамаг хүлгийг цэргүүд нь холоос шууд таньжээ.

                                                     Үймээн сандраан
Ерөнхий жанжин алагдсан тухай мэдээ агшин зуур тарж ялж байсан ромейчүүд үймэн сандарч эхлэв. Цэргүүд төдийгүй дарга нар нь барьц алдаж байлдааны жагсаал, зохион байгуулалт алдагджээ. Дайсны хүч суларсаныг ашиглан Симеон I хаан цэргээ эмхлээд сөрөг дайралтанд оржээ. Харин энэ удаагийн дайралтыг нь үймэн сандарсан ромейчүүд тогтоон барьж чадсангүй. Болгарын морь цэрэг зугтагсадыг нэхэн хөөж толгой дараалан хяджээ.

Ийнхүү эмнэг мориноос болж тухайн үеийн дэлхийн хүчирхэг гүрний шилдэг цэрэг бут ниргүүлсэн. Лев Фок өөр морь унан зугтсаар Месемврий хүрч тэндээсээ далайгаар Констанпольд ирж азаар цаазын ялаас мултарсан. Тулааны талбарт алагдагсадыг хэн ч оршуулсангүй. Гучин жилийн дараа үүгээр явсан Византийн түүхч Лев Диакон “Ахелей голын дэргэдэх хөндийг өмнө нь ичгүүртэйгээр бут цохиулсан манай цэргийн уул овоо шиг араг яс хучсан хэвээрээ л байна” хэмээн бичжээ.