//УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа

УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бүрдсэн Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.01) нэгдсэн хуралдаан 15 цаг 10 минутад эхлэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар  заасан.

Намын бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох бөгөөд  бүлгийн даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ гэж хуульд заасан.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр бүлэг байгуулах хэмжээний суудал авсан улс төрийн намууд Улсын Их Хурал дахь Намын бүлэг байгуулж, бүлгийн бүрэлдэхүүн, бүлгийн даргыг сонгосон тухай шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд уншиж сонсгон, Намын бүлгийн гишүүд, бүлгийн дарга нарт амжилт хүсэв.

Хуулийн дээрх заалтын дагуу Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 62 суудал авсан Монгол Ардын Намаас Улсын Их Хурал дахь Намын бүлэг байгуулж, бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг сонгожээ. Тэрбээр өнгөрсөн парламентад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан.

Харин ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 11 суудал авсан Ардчилсан Намын бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг сонгосон байна. Тэрбээр 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.