Готовдоржийн Өсөхбаяр: Тив бүрийн оргил, хоёр туйлд төрийн далбаагаа мандуулах миний чин хүсэл

access_time 2019-02-28
remove_red_eye 188

-Говь нутгийн хүүхэд гэдгийг тань мэдэх юм. Хэрхэн уулын спорт руу орсон тань сонин байна?
-Манай говийнхон тэсвэрийн спортод сайн шүү дээ. Баруун тийшээ болоод ирэхээр хүчний спортод илүү амжилттай явах шиг харагддаг. 1980-аад онд Өмнөгөвь аймгийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан Оргодол гуай уулын спортод их дуртай хүн байлаа. Уулын спортыг их дэмждэг. Аав маань мотоспортын тамирчин хүн. Мотоспортоос зодог тайлаад уулын спортод орсон. Тэгээд би аавыгаа дагаж давхиад, сүүлдээ өөрөө явдаг болсон. 1989 онд анх Отгонтэнгэрт гарсан. Мэдээж намайг оргил руу гаргаагүй л дээ, би чинь дөнгөж дөрөвдүгээр ангийн хүүхэд байлаа. Мөнх цасны үзүүрт майхан бариад намайг үлдээчихээд явсан. Жараад онд Отгонтэнгэрт онгоц сүйрсэн дээ. Яг тэр сүйрсэн онгоцны сэгэн дээр намайг орхиод явсан байсан. Тэгээд нөгөөдүүлийг 4-5 цаг яваад буугаад ирэхэд нь би гэдэг хүн тэр хавиар нэг байсан онгоцны сэг, хүний ясыг бүгдийг нь түүгээд овоо босгочихсон сууж байлаа.
-Яаж байгаа нь тэр вэ?
-Ганцаараа үлдсэн хүнд 4-5 цаг гэдэг асар их хугацаа шүү дээ. Өөр юу ч хийх билээ. Сүүлд 2002 онд манай уулчид багаараа очиж тэр хавийн төмрийн сэгийг нэлээн сайн буулгасан. Гэхдээ зургадугаар сард явсан болохоор нүдэнд ил харагдах хогийг л буулгаж чадсан. Хэрэв наймдугаар сард цас хайлсны дараа очсон бол арай илүү үр бүтээлтэй явах байж дээ гэж бодсон.
-Өнгөрсөн жил дэлхийн ноён оргилуудаас өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг К2 ууланд авиралт хийгээд оргилд хүрч чадалгүй буцсан. Ууланд яг юу болсон бэ?
-Дэлхийд 8000-аас дээш өндөртэй 14 оргил бий. К2 бол өндрөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигддэг (8611), Пакистан, Хятад улсын хилийн зааг дээр байдаг уул. Техникийн авиралт ихтэй, эгц градустай, уулчдын мөрөөддөг оргилуудын нэг. Миний ч гэсэн олон жилийн мөрөөдөл. Уулын спортын нэг хүндрэл нь зардал өндөртэй шүү дээ. Дөрөв, таван жил мөнгөө цуглуулж байж ноднин явсан. Харамсалтай нь оргилд хүрч чадаагүй.
-Яг хаанаас буцсан бэ. Ууланд чухам юу болсон юм?
-7300 метрийн өндөрт Black pуramid гэж нэрлэдэг цэг бий, түүний оройгоос буцсан. Ууланд авирахад хамт яваа хүмүүс их чухал. Би ганцаараа тэр оргилд гарна гэж байхгүй шүү дээ. К2-ын оргилд гарахын тулд дөрвөн кэмп байгуулах ёстой. Нийт гаргах ачаа маань 160 кг орчим. Тэрийг кемпүүддээ тэнцүү хуваах ёстой. Үүнийг хийхэд надад туслах хэрэгтэй. Эхний гурван кемпээ байгуулаад дөрөвдүгээр кемпээ байгуулах явцад туслахууд маань намайг хаяж буугаад, цаашаа ганцаараа явах боломжгүй болсон л доо.
-Яагаад хаяж буусан гэж?
-Хэдэн өдөр тэнгэр бүрхээд шуурчихгүй юу. Тэрнээс л халширсан юм шиг байна лээ. Хоёр өдрийн дараа тэнгэр онгойно гэсэн мэдээтэй хүлээж байтал нэг нь “гэдэс өвдөөд байна” гээд мухар олгой руугаа заагаад байхаар нь санаа зовоод буцаасан. Хоёр цагийн дараа нөгөө нь мөсний тахаа (муурын хумс ч гэж нэрлэдэг) хугалж хаяад буцсан. Тахаа хугалчихсан хүнийг чинь цааш дагуулах боломжгүй шүү дээ. Дөрөвдүгээр кэмпээ 8000 метрт барих ёстой. 50-60 кг ачаа үүрээд дахиад 700 м явна гэсэн үг. Энэ ачааг гурван хүн хувааж үүрэх ёстой. К2 бол эгц өндөр уул. Дунджаар 65-70 градус эгц, зарим газраа 90 градус хүрнэ. 10-15 ачаатай 700 метр зам туулахад бүтэн нэг өдөр ордог байхгүй юу. Ганцаараа явахын тулд ачааныхаа талыг хаях хэрэгтэй болно. Нэг бол хүчилтөрөгчийн баллоноо хаяад майхан сав, хоол хүнсээ аваад цааш явах хэрэгтэй. Тэр бол мэдээж үхэл. Эсвэл майхан саваа хаяад хүчилтөрөгчөө аваад явж болно. Тэр ч гэсэн үхэл. Дээр гараад эхний шуурганд осгож үхнэ шүү дээ. Гурав дахь зам нь бүх юмаа хаяад доошоо буух. Тэр бол амьд үлдэх ганц зам байсан.
-Үнэхээр хэцүү сорилт байна?


– Уулчин хүнд нэг л дүрэм байдаг. 1998 оноос хойш би олон ч ууланд авирсан, олон ч хүнд хэлж байсан. Уул нүүдэггүй юм аа, хэзээд байж байна. Харин амь нас чухал шүү гэж. Тэр үг маань анх удаа өөрт ирсэн дээ. Доор буугаад очсон чинь хамгийн өөдгүй нь нөгөө муу хоёр чинь инээд алдчихсан хоол идээд сууж байдаг байгаа. Уур хүрээд зодоон хийх ч билүү. (инээгээд) Балбуудаас туслах авалгүй, пакистануудыг авсан нь миний алдаа болсон байна лээ. Монгол хүний нэг үзэл байдаг даа. Нутгийн уул нутгийн хүнээ түшдэг гэж. Тэр нэг хөгийн мухар сүсгээс болж байхгүй юу (инээв).
-Зүгээр л гарах цаг нь болоогүй байсан ч юм бил үү?
-Чанга л даа. Цаг агаар хүнд, эрсдэл ч өндөр. К2 ууланд хүссэн болгон, очсон болгон гараад байдаггүй. 1953 оноос хойш 50 гаруй жилийн хугацаанд К2 оргилд 200 гаруй уулчин гарсан байхад Эверестэд бараг 10 мянган уулчин гарсан байна. Эрсдэл хэр вэ гэдгийг үүгээр жишчихэж болно. Намайг очиход арав дахиа, зургаа дахь, найм дахиа ирж байна гэсэн хүмүүс зөндөө байсан. Миний өмнө Мянгамаа шарпагийн долоон шарпа, таван гадаадын уулчин явсан. Би ганцаараа явсан учраас “хамгийн сайн баг нь аль байна” гэж судалж байгаад араас нь дагасан. Тэдний явсан газар яваад, суусан газар нь суугаад яг мөрөөр нь дагаж байгаа юм. Тэгээд 7300 метр дээр яалт ч үгүй гав ганцаараа үлдсэн дээ. Шөнөжингөө уйлж суугаад маргааш өглөө нь доошоо буусан. Дөчөөд хоног явчихаад оргилд хүрэлгүй буцна гэдэг хүнд шүү дээ. Энэ жил даагаа нэхнэ дээ гэж бодож байсан ч санхүү энэ тэрээс болоод арай л болсонгүй.
-Балбын уулчид сайн биз?
-2005 онд Эверэстэд авирахдаа би бас Балба талаас авирсан. Одоогоос 13 жилийн өмнө. Тэр үед Балбын уулчид туршлага багатай, барууныхан ноёлох талдаа байсан. Зам тавих, мэргэжлийн зааварчилгаа өгөх ажлыг дандаа барууныхан хийдэг байсан. Сая очиход балбууд бүх юмыг өөрийн болгоод авчихсан, мэргэжлийн болчихсон байна лээ. Одоо бол 8000-тай уулын эзэд нь балбууд өөрсдөө болсон байна.
-Уулын спорт өртөг өндөртэй. Нэг удаагийн авиралтад хэр их зардал орох вэ?. Жишээ нь К2…?
-Дэлхийд 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил бий. Нэг ууланд гарах зардал дунджаар 30 мянган ам.доллар. Зарим нь арай бага, зарим нь арай илүү. К2 гэх мэт хэцүү уулууд, эсвэл Катмандугаас (Балбын нийслэл) холдох тусмаа зардал нь өсөөд, 40-60 мянган ам.доллар болоод явчихдаг. Авирахад арай гайгүй, багаж хэрэгсэл бага хэрэглэдэг, цөөн кемп байгуулахаар бол 20 гаруй мянган ам.долларт багтана.
-Манайд уулын спорт ямар түвшинд байна вэ?
-Хэцүү шүү дээ. Тамирчид цөөхөн, уул нь намхан, бэлтгэл сургуулилт хийх боломж хомс, мэргэжлийн багш дасгалжуулагч байхгүй, уулын спортыг хөгжүүлэхэд чанга л даа. Ер нь бол экстрим спорт хөгжил дагаж явдаг, мөнгө дагаж хөгждөг. Мөнгө хаана байна, тэнд экстрим спорт хөгждөг, амжилт гардаг.
-Яагаад тэр юм бол?
-Хүний нөөц боломжоос давчихсан төрөл байхгүй юу. Арван жилийн хүүхэд хичээлийнхээ дундуур сурдаг спорт биш. Цаг, боломжоо бүрэн зориулж, өөрийнхөө амийг эрсдэлд оруулж байж хийдэг. Амьдралаас илүү ихийг авах, илүү ихийг мэдрэх, илүү ихийг хүртэх гэсэн хүсэл юм уу даа. Нэгэн хэвийн амьдрал, хэвшмэл байдлаас залхсан, зугтсан хүмүүс энэ төрлийн спорт руу ордог шиг харагддаг. Манайд бол өдөр тутмын амьдрал нь өөрөө экстрим болчихоод байхад юун шүхрээр буух, ууланд авирах. Гэхдээ ч харьцангуй хөгжиж л байна л даа.
-Өндөр уулын авиралт хийхээсээ өмнө хадан авиралтаар 10 гаруй удаа улсын аварга болсон гэж сонссон. Бат-Эрдэнэ аваргын рекорд 10-ын тоогоор булаалдах дайны амжилт биш үү?
-(Ингээгээд) Манайхны (уулынхны) л зохиосон онигоо байхгүй юу. Улсын аваргын тэмцээн 2-3 төрлөөр болдог. Техникийн авиралт, эмэгтэй, эрэгтэй хосын авиралт гээд. Тэрнийх нь бүх алтыг би авчихдаг. Нэг тэмцээнээс дунджаар гурван алт авчихдаг л байхгүй юу. Түүнээс биш улсын аварга гэдэг чинь яг ганцаараа авираад түрүүлэхийг хэлнэ шүү дээ. Би дөрөв билүү, таван удаагийн улсын аварга. Авсан алт нь бол арав гарна л даа.
-Манайд уулын спорт дахин сэргэхэд таны хувь нэмэр их байсан. Нөгөө “Аяллын цаг” нэвтрүүлгийн тухай ярьж байна л даа?
-1996-1997 оны үеэс манайд гаднын уулчид ирж эхэлсэн. Би тэднийг дагаж явдаг байлаа. Уулын спортын мастер, талийгаач Болдбаатар ах намайг тэдэнтэй холбож өгсөн юм. Тэр үеэс л би “Яагаад заавал гадныхан авирдаг юм. Монголчууд маань өөрсдөө ингээд ууландаа авирдаг болох юмсан” гэж мөрөөддөг байсан. Нэг бодлын үндсэрхэг үзэл ч юм уу. Тэгээд Монгол телевизийн “Аяллын цаг” нэвтрүүлэгтэй хамтраад 1998 оноос хойш авирсан уул болгоныхоо тухай нэвтрүүлэг хийсэн. Сэтгүүлчээр Баярням ах, зураглаач нь Тулга, уулчнаар би явдаг байлаа. Тэр үед өнөөдрийнх шиг олон телевиз байхгүй, сонголт бага байсан болохоор “Аяллын цаг”-ийг бүгдээрээ л үздэг байлаа.
-Манай уулчдаас гадна монголчуудыг уул руу хөтөлсөн хүмүүсийн нэг нь Ерөнхийлөгч асан Энхбаяр гуай байх тийм үү? Харин түүнийг та ууланд хөтөлсөн…?
-Би 2006 онд Эверестэд хоёр дахиа авирч ирчихээд Энхбаяр Ерөнхийлөгчид санал тавьсан юм. “Та ч гэсэн авирч болно шүү дээ. Бид аюулгүй байдлыг тань хангана, бүх замыг тавиад өгнө” гэсэн. Яриад л өнгөрсөн. Гэтэл наймдугаар сард гэнэт “Явна” гээд пижигнэчихсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч явахаар чинь нөхцөлгүй олон хүн дагаж явдаг юм билээ. Энхбаяр Ерөнхийлөгчтэй хамт Алтай Таван Богдод хийсэн тэр авиралт уулын оргил бол хүний хүч хүршгүй зүйл гэсэн хуучин ойлголтыг нэгмөсөн өөрчилсөн. Түүнээс хойш ууланд авирах хүмүүсийн сонирхол ч нэмэгдсэн. Одоо бол жаахан харамсах байдалтай л сууж байна.
-Юунаас болоод тэр вэ?
-Хайран байгаль, хайран амь нас. Ямар ч зүйлд боловсрол, соёл гэж юм зайлшгүй хэрэгтэй байдаг. Дуурийн театрт дуурь үзэхдээ заавал гоё костюм өмсдөгтэй адилхан спортод ч гэсэн соёл гэж юм байна. Ууланд заавал зориулалтын хувцас, хэрэглэлтэй нь явах ёстой. Нарантуулаас нэг өмд, цамц авч өмсөөд ууланд авирч болохгүй. Эхлээд хувцсаа зөв сонгох ёстой. Дараа нь багаж хэрэгслээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Тэгээд албан ёсны хөтөчтэй явах ёстой. Манайхан чинь хэцүү шүү дээ. Өнөөдөр намайг дагаж явчихаад маргааш нь “Өө би замыг нь мэднэ” гээд арван хүн цуглуулаад явчихдаг. Тэгээд амь насаа алдаж байна, бусдын амь насыг эрсдэлд оруулж байна. Бусад спортод бол нэг удаа алдахад дараачийн удаа тэр алдаагаа засч болдог. Уулын спорт бол утгаараа “эхний бөгөөд эцсийн” алдаа болдог. Хэзээ ч тэр алдааг засах боломжгүй.
-Өнгөрөгч 2017 онд Отгонтэнгэрт болсон, 17 хүний амь авч одсон осол ч бас зохион байгуулалт муутай, нэг олсонд олуулаа явсан зэргээс болсон гэдэг. Та ослын газарт аврах багийг ахалж очсон хүн. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Аймшигтай. Нисдэг тэргээр дээгүүр нисээд явсан замыг нь харахад л бүх юм ойлгомжтой байсан. Тийм ослоос хүн амьд гарах ямар ч боломжгүй. Юу ч үлдэхгүй.
-Яг ямар осол болсон юм бэ?
-Слаб гэж ярьдаг юм даа, хавтан гулгасан. Мөнх цас хөлдөөд гялтайчихсан байдаг шүү дээ. Түүн дээр цас орохоор давхарга үүсдэг. Үүнийг хавтан гэж байгаа юм. Олон хүн хөндлөн явахаар хавтан хагараад доош гулссан. Чарган дээр суугаад гулгахтай яг адилхан. Оройгоос 200 м-ийн зайд явж байсан уулчдын цогцсыг 3200 метрийн өндрөөс олсон. 600-700 метрийн өндрөөс шууд унасан байхгүй юу. Тийм учраас уулчин хүнд алдаагаа засах боломж гэж байдаггүй, нэг удаа л алдвал эхний бөгөөд эцсийнх байдаг гээд байгаа юм. Дараа дараагийн хүмүүст л сургамж юм даа. Арай л олон хүний амиар энэ сургамж ирлээ. Энэ бол маш том тоо, байгалиас ирж байгаа сануулга гэж ойлгох ёстой.
-Энэ жил шинэ авиралт төлөвлөсөн үү?
-Ирэх долдугаар сард манайхан Киргизид Хантэнгэр ууланд авирахаар Киргизийн талтай ярилцаж байна л даа. Бас нэлээд техник шаардсан авиралт болно. Бид л болсон хойно мөнгөө жаахан хасуулчих гээд л. “Хоёр хөтөч ав” гэхээр нь “Бид өмнө ууланд авирч байсан, туршлагатай. Зөвхөн зам заах хүн хэрэгтэй” гэсэн. Надад бас нэг 20 гаруй жилийн туршлага байна шүү дээ. Түүн дээрээ үндэслээд “явчихья” л гээд байдаг. Тэгэнгүүт өөдөөс “Манайх стандарт тогтоосон. Гурван хүний дунд нэг хөтөч явна. Хэрвээ тэгэхгүй гэвэл та нар авирахгүй ээ” гэсэн. Энэ л гоё байхгүй юу. Надад маш их таалагдсан. Хэмнэх гэж байгаа мөнгө надад бодогдоогүй. Ямар гоё зарчим бэ. Хүний амь насыг тэгж хайрлаж, байна, уулаа хүндэлж байна. Манайд ч гэсэн тийм л баймаар байна шүү дээ. Үүнийг би хийж чадахгүй. Засгийн газар, БОАЖЯ ажлаа хийх хэрэгтэй л дээ.
-Манайд уулын спорт харьцангуй урт, 60 гаруй жилийн түүхтэй. Гэхдээ мэргэжлийн уулчид хэр олон бэ?
-Монголд мэргэжлийн уулчин гэж байхгүй. Бид мянга өндөр ууланд авирлаа гэхэд дандаа хүний тавьсан замаар авирч байгаа. Өөрсдөө замаа тавьж авирдаг болсон цагт мэргэжлийн уулчин боллоо гэж ярина. Тэр өндөр, том уулуудад араасаа хүн дагуулаад авирдаг болсон цагтаа “мэргэжлийн уулчин” гэж үзэгдэх болно. Тэгж өөрөө замаа тавьсан уулчин Монголд одоохондоо алга.
Монголд 1950-иад оноос уулын спорт хөгжсөн. Тэр үед Асралт хайрханд гарна гэдэг хамгийн баатарлаг үйлс байлаа. Хэнтийн нурууны ноён оргил, 2800 м. Одоо бол Асралт хайрханд та ч гэсэн гарчихна. Цэцээ гүн 2200 м шүү дээ. Дараа нь Алтай Таван Богдод гарсан, оросуудтай хамт. Тэр бол бүр том амжилт байлаа. Монголынхоо хамгийн өндөр цэгт хүрч, “Найрамдал оргил” гэж нэрлэсэн. Сансарт монгол хүн нисээгүй байсан учраас монгол хүний хүрсэн хамгийн өндөр цэг байхгүй юу. Дараа нь Европ тивийн ноён оргил Эльбрусд (5642 м) гарсан. 1980-аад оноос 7000-тай уулуудад авирч эхэлсэн, 1990-ээд оноос Эверест рүү зүтгэсэн.
-Харин та дэлхийн дээвэр гэгддэг Эверестэд гарсан анхны монгол хүн…?
-2005 онд Эверестийн оройд Монгол Улсынхаа далбааг мандуулж байлаа. Дараа нь 2006 онд хойд талаас нь гарсан. 2011 оноос хойш Гангаамаа, Бат-Эрдэнэ гээд нэлээд олон хүн гарсан. Манай уулчдын хувьд уулын өндөр бол хангалттай болчихоод байгаа. Гол нь нөгөө “техникийн авиралт” буюу өөрсдөө замаа тавьж авирах л үлдээд байна.
-Түүнд юу саад болж байна?
-Мөнгө, санхүү. Өсөхбаяр ганцаараа очоод зам тавьж чадах уу? Дор хаяж 20 хүн нэг баг болж очиж байж зам тавина. Үүний тулд 600 мянга, дор хаяж хагас сая ам.долларын асуудал яригдах болж байгаа байхгүй юу. Түүнээс биш Монголдоо бол манай залуучууд шинэ, шинэ оргилуудад гарч байна. Ахмад үе болон бидний үеийн гарч чадаагүй оргилуудад өөрсдөө замаа тавиад гарчихсан. Өөр өөрсдийнхөө хэмжээнд хөгжүүлэх гээд хэрэндээ л зүтгэж байна.
-Уулын спорт хүнээс ер нь ямар чадвар, чадавхийг шаарддаг юм бэ?
-Өөрөө өөрийгөө л ялах ёстой. Оргил хараад “Пээ, яасан хол юм”, жаахан шуурахаар “Ямар аймаар юм бэ” гэж бодвол хэзээ ч оргилд гарч чадахгүй. Заавал хүрнэ, тэнгэр онгойно л гэж бодох ёстой. Оргил урд чинь байхад нэг ч гэсэн алхах ёстой. Гэхдээ алхам бүр амь нас шүү дээ. Бас ялалт. Тэрийг хэзээ ч мартаж болохгүй.
-Тэгвэл хамгийн хатуу нь?
-Ууланд сайхан сэтгэл, хүн чанар гэж юм байдаггүй. Чиний амь чинийх л байдаг. Хэнд ч тусалж болохгүй, хэний ч тусламжийг авч болохгүй. Авч яваа балга усаа бусдад өгөхөд л өөрөө амиа алдах эрсдэл хүлээж байдаг. Авч яваа хоол, хүнс, ачаа бараа бүх юм чинь хэмжээтэй, хязгаартай. Хамт яваа хүнийхээ сүүлчийн балга усыг хуваалцсанаараа тэр хүнийг шууд алж байгаа хэрэг. Уулнаас буун буутлаа ганцхан чи өөрөө л өөрийнхөө амийг хариуцах ёстой.
-Танд ч бас тийм эрсдэл тохиолдож байсан уу?
-Эверестэд хоёр дахиа авирах үед 7000м хүртэл миний бие хачин сайн байсан. Гэтэл ард нэг өвгөн амьсгаадаад их л хэцүү сонсогдоод байхаар нь ангал гаргах гээд таттал гэнэт ачаалал авснаас болоод би өөрөө амьсгал дээрдээд үхэх шахсан. Нэг ч илүү үйлдэл хийж болохгүй, тэгвэл үхэл гэдгийг тэгэхэд л ойлгосон. Бас л нэг сургамж. Хамгийн эвгүй нь амьсгал авч, хөдөлж ч чадахгүй байгаа миний хажуугаар нөгөө өвгөн юу ч болоогүй юм шиг өнгөрөөд явсан. Гэхдээ монгол хүнд бусдаас өөр нэг чанар байдаг. Туслахгүй байж чаддаггүй, яалт ч үгүй туслах ёстой юм шиг л санадаг. 2008 онд Аляскад явж байхад бас тийм явдал тохиолдсон. Оргил руу гарчихаад бууж явахад ард хоёр энэтхэг яваад л байсан. Нэлээд явсны дараа зэрэгцээд иртэл нэг нь тун тааруухан харагдсан. Үүргэвчээсээ нэг сникерс гаргаж талыг нь өгөөд араас нь халуун савтай цайгаа өгөхөд гараа сунгаад авсан чигтээ амьсгал хураасан. Үхэж байгаа мөчдөө хүртэл хүн бусдын өгснийг авч л байдаг.
-Аймшигтай сонсогдож байна. Ингэхэд Хойд туйл руу явах шийдвэрт яаж хүрсэн бэ?
-1960-аад онд монгол хүн өмнөд түйлд хүрсэн, 1980-аад онд сансарт ниссэн. 2005 онд монгол хүн дэлхийн дээвэр Эверестэд гарсан. Ганц Хойд туйлд л Монголын далбаа мандаагүй байсан. Тиймээс найзуудтайгаа яриад, Наба (Чөлөөтийн Наранбаатар гавьяат) маань дэмжээд Хойд туйл руу зүтгэсэн. 2013 оны дөрөвдүгээр сарын 20-нд Монгол Улсын далбааг дэлхийн хамгийн хойд цэгт, бөмбөрцгийн орой дээр мандуулсан. Дүүгийн маань төрсөн өдөр байсан. Хаашаа ч харсан бүх цэг урагшаа болдог тийм цэг байхгүй юу.
-Ууланд авирахаас хол ялгаатай биз дээ. Олуулаа явсан уу?
-Арвуулаа явсан. Канад, англи, америк, австрали, португалиуд, Монголоос би ганцаараа. Хүйтэнд бол монгол хүний ажиллах чадвар хамаагүй илүү юм билээ. Хойд туйлд дунджаар -40 хэм. Манайд ч гэсэн -40 хэм хүрдэг шүү дээ. Гэхдээ тэндэхийн -40 бол огт өөр. Манайд бол өнөөдөр -40 хүрлээ, маргааш нь -30, нөгөөдөр -20 хэм болдог. -40 бол тухайн ганцхан тохиолдол, 10-20 минутын л үзэгдэл байхгүй юу. Тэндэхийн -40 хэм бол мөнхийн. Нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Унтах гэж байхад ч, өглөө босоход ч, явж байхад ч, эргээд унтахад дахиад -40. Тэр бол огт өөр асуудал юм билээ. Осгохгүйн тулд хөдлөх ёстой, майхнаа барих ёстой. Тэндээ үлдээд осгохгүйн тулд өглөө дахиад босох ёстой, урагшаа алхах ёстой. Энэ бол хүн өөрөө өөртэйгөө л тэмцэж байгаа хэрэг. Хүн байгалийн эсрэг тэмцэнэ, байгалийг дийлнэ гэж хэзээ ч байдаггүй юм. Уулын оройд гарснаар уулыг ялж байгаа биш, өөрийгөө л ялж байгаа юм. Уул уулаараа л байна. Тийм учраас хүн байгальтай тэмцдэггүй, амьд үлдэхийн тулд өөрөө өөртэйгөө тэмцэж, өөрийгөө ялдаг.
-Тэгвэл Хойд туйлын аялал таны төсөөлснөөс өөр байсан байжээ?
-Би бас эхэндээ Хойд туйл гэдгийг аягүй амархнаар төсөөлж байсан юм билээ. Эверестэд хоёр удаа, Хойд Америкийн хамгийн өндөр уул Аляскийн Денали оргилд гарчихсан, Европийн хамгийн өндөр оргил Эльбрус, Африкийн Килиманжорад гарчихсан хүнд чарга чирээд явах юухан байх вэ гэж бодож байсан. Мэдээж жижигхэн айдас байсан л даа. Яагаад хүмүүс Хойд туйлд үхээд байдаг юм бол гэсэн.
-Тэр нь юу байсан бэ?
-Сэтгэл зүй гэдэг. Үнэхээр л тийм юм билээ. Яах вэ, хүч чадлын хувьд би хангалтай бэлтгэгдсэн, ядарч сульдах асуудал бол байгаагүй. Хүйтнийг ч гэсэн тэвчиж байсан. Гэтэл ахиад нэг зүйлд бэлтгэлгүй байсан юм билээ. Эхний 2-3 хоногт бол анзаараагүй. Дөрөв дэх хоногоос эхлээд явахад “Би чинь юуны төлөө, яах гэж явж байгаа билээ” гэж бодогдоод эхэлдэг юм билээ. Дөрөвдүгээр сар байсан учраас Хойд туйлд шөнө болохгүй. Тэнгэрийн хаяанаас яг дөрвөн хуруу зайтай нар байгаад л байдаг. Үхтлээ явж байгаад харахад яг байрандаа, унтах гээд хэвтэхэд ч тэндээ л байна, өглөө босоход ч тэндээ. Яг галзуурахаар юм билээ. Цэлийсэн, хязгааргүй мөс, өөр юу ч байхгүй. Яг л цаг хугацаа зогсчихсон юм шиг, би өөрөө нэг газраа гацчихсан юм шиг. Тэр үед л “Аан, сэтгэл зүй гэдэг чинь энэ юм байна” гэж толгойд орж ирсэн. Тэгээд л нөгөөдүүлтэйгээ юу ч хамаагүй ярьж эхэлсэн дээ. Миний англи хэл гэж элгийн л юм байгаа шүү дээ. Гэсэн ч эцэс төгсгөлгүй яриад л байсан. Нар луу харахаа ч больсон. Сүүлдээ цагаа ч харахаа больсон. Урд нэг хүн яваа, хөтөч бас урд яваа. Урдах хүнийхээ мөрийг дараад, зогсвол зогсоод суувал суугаад л явсан. Арав хоногийн дараа Хойд туйлын хамгийн хойд цэгт Монгол Улсынхаа далбааг мандуулж байлаа. Би хоёр зүйлд баярладаг. Дэлхийн хамгийн өндөр цэгт, дэлхийн хамгийн хойд цэгт улсынхаа далбааг мандуулсандаа баярладаг.
-Таны ойрын зорилт К2 уул хэвээрээ юм байна. Холын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
-Нэг мөрөөдөл бий. Дэлхийн долоон тивийн ноён оргилоос зургаад нь гарсан, нэг нь дутуу байна. Бас өмнөд туйлд хөл тавиагүй байна. Өмнөд туйлын хамгийн өмнөд цэгт очиж, Винсон Массив оргилд гарвал миний зорилго биелнэ. Seven summit, two poles гэж ярьдаг юм. Дэлхийн долоон тивийн оргил, хоёр туйлд хүрчээ гэж түүхэнд нэрээ үлдээмээр байна. Монгол хүн гэдэг утгаараа.
-Хэр олон хүн үүнийг хийсэн бол?
-Цөөхөн байгаа. Лав 100 хүрэхгүй. Миний тоолсноор 60 гаруй нэр бичигдсэн байсан. Түүн дотор монгол хүний нэр байхгүй. Тэнд би Монгол гэж нэрээ бичүүлмээр байна. Монголоос анх удаа seven summit хийнэ гэдэг миний эртний мөрөөдөл байсан. Гэтэл хөлөө гэмтээхээс өмнө Английн уулчидтай Алтай Таван Богдод авиралт хийсэн юм. Тэдний дунд Альпийн нуруунд аврагч хийдэг мундаг туршлагатай уулчин байсан. Тэр надад “Чи ийм уулчин байж юун seven sammit яриад байгаа юм бэ? Чи 60 настай, 70 настайдаа ч seven sammit хийж чадна. Seven sammit хийгээд л ханачихвал хөгширсөн хойноо чи зүгээр л нэг баян өвгөн харагдана. Түүний оронд К-2 авиралт хийчих, Анапурнад гарчих. Тэр цагт чи насны эцэст уулчин харагдана шүү” гэж хэлсэн. Нэг үгээр “Чам шиг хүн seven sammit ярьдаггүй юм. Тэр бол өндрийн аялал болохоос биш авиралт биш шүү” гэж байхгүй юу. Тэр хүртэл надад бас л уулын тухай мэдлэг хомс байсан юм билээ. Хэрвээ өнгөрсөн жил К2 дээр гарчихсан бол хоёулаа одоо Анапурна яриад сууж байхгүй юу (инээв).
Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн долоон тивийн долоон оргилын зургаад нь гарсан (Антарктикийн ноён оргил Винсон Массифаас бусaд). 2013 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хойд туйлын хамгийн хойд цэг, бөмбөрцгийн зулайд Монгол Улсынхаа далбааг мандуулсан.
1. ЭВЕРЕСТ (8850 м) 2005.05.30, 2007.05.14
2. Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ
(6195 м) 2008.07.08
3. Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО
(5895 м) 2009.02.22
4. Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС
(5642 м) 2009.05.21
5. Австрали тивийн оргил КОСТЮШКО
(2228 м) 2015.04.19
6. Өмнөд Америкийн ноён оргил АКАНКАГУА (6962)

2018 оны 5-р сар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. shilen.mn