//А.Гантулга: Үргэлж хөдөлмөрлөхгүй бол булчин чинь чамайг “орхих” болно

А.Гантулга: Үргэлж хөдөлмөрлөхгүй бол булчин чинь чамайг “орхих” болно

Манай улсын хүүхэд, залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй спортын нэг төрөл нь бодибилдинг, фитнесс юм. Монголчууд дэлхийн шилдгүүд шиг мундаг булчин, шөрмөстэй болохын тулд бус эрүүл чийрэг бие хаа, идэвхтэй хөдөлгөөн, өв тэгш биетэй болохын тулд бодибилдинг, фитнессээр хичээллэх болсон билээ. Тэр хэрээр нийслэлийн өнцөг булан бүрт фитнесс клуб үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл бид энэ удаагийн зочноо үүнтэй холбогдуулж урьж, ярилцлаа. Тэр бол ДАШТ-ий мөнгө, 2017 оны Улаанбаатар хотын болон улсын аварга, “Mr Olympia” тэмцээний алтан медальт, үнэмлэхүй аварга, “Pro Card”-ийн эзэн, “Фитнесс эженси” клубын дасгалжуулагч А.Гантулга юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Бодибилдингийн тамирчдыг харсан залуусын ихэнх нь хэрхэн хурдан хугацаанд ийм гоё биетэй болох тухай боддог. Тиймээс ийм мөрөөдөлтэй залууст та хамгийн түрүүнд юу хэлмээр байна вэ. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Энэ спорт харьцангуй урт хугацааны буюу хэр тууштай байж чадна тэр чинээгээр үр дүнд хүрдэг. Тиймээс эхлээд өөртөө том зорилго тавь, дараа нь зорилгынхоо төлөө тууштай байхыг зөвлөе. Зөвхөн бодибилдинг, фитнесс гэлтгүй бусад төрлийн спорт ч адилхан. Монголын шилдэг тамирчид олон жил уйгагүй хөдөлмөрлөж ирсний үр дүнд тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байна, овог, нэрээ дуудуулж байна. Аль ч төрлийн спорт дотроо өрсөлдөөнтэй. Тэр өрсөлдөөнд сөхрөлгүй, шантралгүй тэмцсэн тохиолдолд амжилтад хүрдэг. Бодибилдинг ч мөн адил. Өөрийгөө дайчилж, тууштай байвал гоё биетэй болно.

-Ингэхэд яг тань шиг болоход хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Хувь хүнээс л хамаарах болов уу даа. Би дээр хэлсэнчлэн урт хугацааны тууштай бэлтгэл хэрэгтэй. Миний хувьд тууштай хичээллээд таван жил болжээ. Ер нь энэ төрлийн бэлтгэл огт хийж байгаагүй хүн долоо хоногт хамгийн багадаа 3-4 удаа бэлтгэл хийвэл зүгээр шүү. Ийм маягаар тасралтгүй гурван сар явбал биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлнэ. Тэгээд л цааш нь хөгжүүлнэ шүү дээ. Гоё биетэй болно гэдэг утга, учиргүй төмөр, штанг өргөхийн нэр биш юм. Мэргэжлийн сайн дасгалжуулагчийн удирдлагад техниктэйгээ зөв харьцах хэрэгтэй.

-Та яг хэдэн жил хичээллэв. Энэ спортыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-Залуучуудын л адил биеэ гоё болгох хүсэл мөрөөдөлтэй байсан. Хэд хэдэн спортын сонголт байсан ч надад илүү тохирох нь бодибилдинг, фитнесс юм байна гэдгийг мэдэрсэн. Ойр дотны найзууд маань ч энэ спортыг зөвлөсөн юм. Ингээд шийдвэрээ гаргаж, 10 гаруй жилийн өмнөөс сонирхож эхэллээ. Харин тууштай хичээллээд таван жил болж байна. Гурван жилийн өмнөөс л тэмцээнд оролцож эхэлсэн. Анх тэмцээнд ороход өдөр бүр хамт бэлтгэл хийж, дасгалжуулж байсан хүн бол миний найз Г.Барсболд. Мөн дэмжлэг болж, зөвлөгөө өгдөг найзууд ч бий. Зарим хүн хэн нэгэн алдартай хүнээс үлгэр дууриал авч бэлтгэлээ чамбайруулдаг. Харин миний хувьд хамт бэлтгэл хийж буй найз нөхдөөсөө урам зориг авдаг.

-Та тэгвэл маш богино хугацаанд өөрийгөө өөрчилж чаджээ. Гурван жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авсан байна. Дэлхийн дэвжээнээс медаль авна гэдэг баргийн хүний чадах зүйл биш. Дэлхийн аваргаас медаль авсан тэр мөчөө эргээд дурсвал?

-Маш сайхан байлгүй яах вэ. Анх би бодибилдингээр хичээллэхдээ тэмцээн уралдаанд оролцоно гэж огт төсөөлөөгүй явлаа. Зүгээр л булчингаа бага зэрэг хөгжүүлэх зорилготой байсан. Ингээд хичээллэх явцдаа энэ спортод улам их татагдсан, шунасан. Биеэ бүр гоёор хөгжүүлж, тэмцээнд оролцож үзэхийг найзууд минь санал болгож зөвлөсөн юм. Энэ мөчөөс л тууштай хичээллэсэн дээ. Тууштай хичээллэснээс хойш хоёр жилийн дараа үр дүн гарсан шүү. Өөрөөр хэлбэл, 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа.

-Коронавирусний цар тахлын улмаас энэ онд ямар нэгэн тэмцээн болохгүй. Харин ирэх жилүүдэд та ямар зорилт тавьсан байгаа вэ?

-“Pro Card” эзэмшсэнээр дэлхийн болон Азийн аварга гэх мэт тэмцээнд орох боломжгүй. Зөвхөн мэргэжлийн тамирчдын хооронд болдог олон улсын тэмцээнд л өрсөлддөг юм. Тэгэхээр миний эхний зорилго 2021 оны “Arnold Classic”-д хүч үзэх бодолтой байна даа.

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Fitness Agency-т дасгалжуулагчаар ажиллаж байгааг энэ клубын пэйж хуудаснаас харсан. Яагаад энэ байгууллагыг сонгов. “Fitness Agency бусад фитнесс клубээс юугаараа ялгаатай юм бэ? 

-Манай байгууллага мэргэжлийн багш, дасгалжуулагчдаас бүрдсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй фитнесс клубын бараг 80 хувь нь мэргэжлийн багштай ч заримаас нь үр дүн бага гардаг. Энэ тухай үйлчлүүлж байсан хүмүүс нь хэлдэг юм. Тэгвэл өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхний мөрөөдлийн биеийг богино хугацаанд “урлахад” нь мэргэжлийн үүднээс туслах зорилгоор би энд ажиллаж байна. Клубын зорилго минийхтэй адилхан учраас надад тавьсан саналаас нь татгалзаж чадаагүй юм. Энэ дашрамд, богино хугацаанд зорсон мэт биетэй болохыг хүсвэл манайхыг зориорой гээд клубээ нэг рекламдъя. Манай клуб нэг удаагийн элсэлтээр цөөхөн хүн авч, тулж ажилладагаараа онцлогтой. Би энэ багтайгаа хамтран ажиллахдаа таатай байдаг.

-Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд олон зүйлд тэвчээр хэрэгтэй юм шиг санагддаг. Хоол унднаас эхлээд дэглэм барих шаардлага гарна. Таны хувьд долоо хоногт хичнээн удаа бэлтгэл хийж байна вэ. Хоолны дэглэм барьдаг уу?

-Энгийн үед долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Тэмцээнгүй үед дэглэм гэхээсээ илүү уураглаг, эрүүл хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэдэг. Мэдээж мэргэжлийн төвшний тамирчин учраас нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай.

-Тэмцээнээс хэд хоногийн өмнө жингээ хаяж булчингаа ялгаруулж, хэзээ нь массаж бэлтгэлээ хийдэг вэ?

-Гурван сарын өмнөөс өөхний хэмжээгээ хасч, булчингаа ялгаруулдаг. Тэгэхгүй бол хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй шүү дээ.

-Ярилцлагаа чөлөөт маягаар үргэлжлүүлмээр санагдлаа. Та зөвшөөрөх үү?

-Бололгүй яах вэ. Чадахаараа хариулаад л явъя.

“Булчингийн масс ахих бүрт толинд өөрийгөө харж, таашаал авах сайхан” гэж тантай хобби нэгтнүүд хэлдэг. Та ч үүнийг тойроогүй байлгүй…

-Мэдээж энэ спортын гол онцлог нь нүдэнд харагдах өөрчлөлт. Тэр өөрчлөлт, үр дүнгээсээ урам авч илүү хичээдэг.

-“Майк, эсвэл нимгэн цамц өмсөөд гудамжаар алхах онгироо зан надад түр хугацаанд байсан” гэж мистер Л.Баянхүү надад нэг удаа ярьсан юм. Та ч мөн адил тийм үетэй хамт “алхаж” байсан уу?

-Байсан, байсан. Удаан хугацааны хичээл зүтгэлийн үр дүнгээр эрүүл биеийн урлаж чадсан хүн чинь хааяа түүгээрээ онгирох зүгээр шүү дээ.

-Сайхан биетэй залуучуудад хүүхнүүд татагдах нь мэдээж. Танд анзаарагддаг уу?

-Үүнийг харин нэг их анзаарч байгаагүй юм байна. Тэгээд ч одоо сайхан биетэй залуус олон болсон шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээнд биедээ анхаарч, хөгжүүлэх гэж хичээдэг болсон байна.

-Тэмцээний үед сексийн асуудал чухал байдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Энгийнээр тайлбарлахад эр гормон нь булчинг ургуулахад гол нөлөө үзүүлдэг. Тиймээс тэмцээн болохоос сарын өмнөөс бэлгийн харьцаанд аль болох бага орох хэрэгтэй.

-Бодибилдингийн тэмцээнд булчин том байвал л сайн гэсэн үг үү. Тэмцээний гол шалгуур нь юу вэ?

-Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй өөр байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг.

-Та аль булчингаа илүү хөгжүүлэх дуртай вэ. Максимум хэд өргөж, шахаж үзсэн бэ?

-Бүх хэсгийн булчиндаа анхаарахыг хичээдэг. 220 кг-д сууж, 200 кг шахаж байсан.

-Манай тамирчид сэтгэл зүйн талд асуудалтай байдаг. Таны хувьд?

-Мэдээж сайн сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг. Энэ талд харьцангүй гайгүй байх. Уг нь сэтгэл зүйн чиглэлийн ном, гарын авлага байвал тамирчдад их хэрэгтэй юм. Харамсалтай нь, манай улсад энэ төрлийн ном, гарын авлага дутмаг байдаг.

-Спорт гэдэг залуу насны ажил. Ирээдүйд гарах хор нөлөө их, бага хэмжээгээр гардаг гэх юм билээ. Наанадаж хувийн амьдралдаа цаг зав хомс гаргасан гээд л …

-Дасгалыг зөв техникээр хийж дадах нь хамгийн чухал. Манайд 50-иас дээш насны сайн тамирчин олон бий. Тэгэхээр дан залуу насны ажил гэж хэлж болохгүй байх.

-Бодибилдинг бүх спортын суурь болдог гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Гол төлөв хүчний спортуудын суурь болдог.

-Энэ спортоор хичээллэдэг хүний зардал их байдаг. Таны хувьд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Тамирчдын хувьд уураг, амин дэм, хоол хүнс гээд л тогтмол зардал өндөр. Яг нарийн тоо хэлэх боломжгүй учраас уучлаарай. Ер нь бол зардал өндөртэй спорт л доо.

-Гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо та зардлаа хувиасаа гаргадаг уу. Эсвэл ивээн тэтгэгч байгууллагатай юу. Мөн гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Ихэнх тохиолдолд өөрсдөө гаргадаг. Манай эхнэр хувийн байгууллагад ажилладаг. Бид удахгүй төрөх анхны хүүхдээ хүлээж байна.

-Ямар улиралд залуучууд бэлтгэл хийж эхэлдэг вэ. Зарим нь биеэ гайгүй хөгжүүлээд ирэхээрээ орхидог гэсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зуны улиралд бэлдэж өвөл, хавар ихэвчлэн бэлтгэл хийдэг. Дасгалаа хийхгүй орхивол булчин тань ч бас чамайг орхино л гэсэн үг.

-Бэлтгэл хийж байх үед нэмэлт бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай юу?

-Заавал хэрэглэх шаардлагагүй. Тухайн хүний бэлтгэл хийж буй зорилго, биеийн онцлог зэргээс шалтгаална. 

-Ярилцсанд баярлалаа.