//ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна

Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс болон Архангай аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс нь  Бат-Өлзий, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хархорин, Хужирт хэмээх үйлчлэх хүрээний долоон суманд хүрч үйлчилдэг. Гамшиг, ослын дийлэнх хувийг ахуйн гал түймэр, усанд осолдсон дуудлага эзэлдэг байна.

Харин Архангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид он гарсаар өнөөдрийг хүртэл 64 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар ажиллаж 14 хүний амь нас, байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн 1.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газран дарга, хурандаа Л.Өлзийбаяр Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийлээ.  Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.

Түүнчлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад алба хаагчид ч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд идэвх санаачлагатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.