“Эртний Монгол хийц” брэндийг үүсгэж яваа О.Уранцэцэг захирал “Гоёл” загварын наадмын Тэргүүн, Гран при, Үндэсний хувцасны тэргүүн шагналыг гурван жил дараалан шагнагдснаас гадна ОХУ-ын нийслэл Москва хотод болдог Олон улсын үндэсний хувцасны наадамд 2015, 2017 онд оролцож Гран при шагналыг хоёр удаа хүртжээ. Мөн АНУ, Солонгос, Япон улсуудад болсон загварын наадмуудад оролцон монгол үндэснийхээ хувцасны чиг хандлага, загвар хийцийг сурталчлан шагналт байруудад орсон нь бүр хожуу буюу 2012 онд энэ салбарт хөл тавьсан гэхэд чамлахааргүй амжилт. Үйлчин ээжийн охин өнөөдөр өөрийнхөө охин Ану-Үжингээ ч үндэсний хувцасны салбар луу уруу татсан. Энэ тал дээр чамгүй нүдтэй, авьяастай болохыг нь мэдсэнээс хойш үе дамжсан загвар зохион бүтээгч, үйлчин болох шанг нь зөв татсандаа сэтгэл тэнүүн байгаа юм билээ.
ҮНДЭСНИЙ ХУВЦСАНД ХУВЬСАЛ ХИЙСЭН УРЛААЧ БҮСГҮЙ
Хаалгаар нь оронгуут нэг тийм үлгэр домог, эс бөгөөс эртний хаадын өргөөнд заларч буй мэт маш нарийн сийлбэр, уран тансгаар урласан авдар сав, тольтой шүүгээ, бурхан шүтээн, эд эдлэл гээд Монгол ёс, зан заншил ахуйг нэвт үнэртүүлсэн урлангийн эзэгтэйг Уранцэцэг гэх. Бодон бодон явсаар “Эртний монгол хийц” нэртэй урлангаа байгуулснаас хойш ёстой унтахаас бусад бүх үед урлаж, мэтгэж, шаглаж, зүйж өнгөрүүлдэг тухайгаа өгүүлсэн тэрбээр өнөөдрийг хүртэл монголчууддаа дахин давтагдашгүй загвар хийц бүхий дээл хувцас, эдлэл хийхийн төлөө гар хумхилгүй хөдөлмөрлөж байгаагаа өгүүлнэ лээ. Нягтлан бодогч мэргэжилтэй ч багаасаа малчин айлд төрж өссөн болоод ч тэрүү бусдаас илүү монгол дээл өмсөх, эдлэх сонирхолтой. Улмаар тэр ахуйлаг байдал нь хот орон газар суурьшиж амьдарсан ч арилж өгөхгүй сэтгэл дотроос нь хатгаад байсан аж. Энэ бүхэн нь суурин газрын хүмүүс өмсөхөд эвтэйхэн, хийц загвар сайтай, ямар ч хувцсан дээр өмссөн нийлэмжтэй байх санаа нь өнөөдрийн Эртний монгол хийцийн үндсэн загвар болох эхлэл болсон гэнэ. Түүнд байгаль дэлхий бусдаас илүү урлах авъяас, харааны мэдрэмж, ер бусын өгөгдөл өгсөн нь урд өмнө нь хэн ч хэзээ ч урлаж байгаагүй энэхүү үндэсний хувцаснуудаар нь тодорхойлогдох биз. Үнэхээр түүний бүтээлүүд нь дахиж давтагдахгүй гэх бас нэг уран бүтээл, дээл урлахын төлөө өөрөө өөрийгөө чагнаж, мэдэрч, сонсож байж урладаг тухайгаа өгүүлсэн юм.
-Таны бүтээлийн загвар, хийц, өнгөний зохицол гайхалтай гэхэд ч багадах санагдаж байна. Ингэж мэдэрч урлах санаа яаж төрдөг юм бэ?
-Үндэсний хувцас урлахын тулд Монголынхоо түүх соёл, зан заншлын талаар уншиж судлахаас гадна мэдрэмжээ илүү дагадаг гэхүү дээ. Манай Монгол маш олон ястантай, тэдгээр нь эрт дээр цагаасаа ямар хувцас эдлэл эдэлж хэрэглэдэг байсан талаар судалгаа хийж үзсэн. Энэ бүхэн мэдээж нөлөөлөлгүй яахав, гэхдээ дээл хийхээсээ өмнө би материалуудаа имэрч барьж, өнгө зохицлыг нь харж дээр дээрээс нь тавьж уусгаж, нүдэндээ дүрсэлж, тархиндаа бодож бүтээлээ гаргадаг. Тиймээс ч миний бүтээлүүд дахин давтагдана гэсэн ойлголт бараг байдаггүй. Мэдээж хэнд зориулж хийж байгаагаас шалтгаалж царай зүс, бие галбирт тохируулж өнгөний зохицлоос гадна биед нь, өмсөх суухад нь тохиромжтой байх талаас нь бодож бүтээдэг учраас тэр хүнд таарсан шиг дахиад өөр хүнд нийцүүлж хийнэ гэсэн зүйл байдаггүй. Манай урланд лам, бөө, дархан гээд төрөл бүрийн хүмүүс ирнэ. Тэр хүмүүс миний дээл хувцсыг хараад “Сэтгэл дотор байсан, хаанаас ч хайгаад олоогүй зүйл энд байж байх юм. Чи яаж сэтгэж хийхээрээ ингэж хийсэн байна” хэмээн бүр гайхаад байдаг юм. Тиймээс хүний сэтгэлд хүрдэг юм байлгүй дээ.
-Таны бүтээсэн үндэсний хувцас маш богино хугацааны дотор олонд танигдаж цөөнгүй хүмүүс эдэлж хэрэглэх боллоо. Өмнө нь манайхан үндэсний хувцсаа тэгтлээ өдөр тутамдаа хэрэглээд байгаагүй?
-Монгол хүн эртнээсээ босоо заяа, хийморьтой улс. Тийм ч учраас ийм сайхан үндэсний хувцсаа урт удаан хугацаанд өмсөж, эдэлж, үр хүүхэддээ өвлүүлж үлдээх нь зүй ёсны болов уу. Миний хувьд дээл хувцсаа хийхдээ хамгийн сайн материалаар үеэс үед үр хүүхэддээ өвлөгдөн үлдэгдэх болтугай гэж ерөөж маш бат бөх, гоёмсог, хийц загвар сайтай хийж өгөхийг хичээдэг. Одоо хүмүүс суурин газар амьдардаг болсон учраас аль болох явах суухад нь таатай, жинсэн өмд өөр юун дээр ч байдаг юм өмсөхөд маш эвтэйхэн байдлаар бодож тунгааж хийдэг.
-Хүмүүс үндэсний хувцсаа өмсмөөр байвч яг өөрийнх нь санаанд таарсан орчин үеийн хийц маягтай, загварлаг хийдэггүйгээс өмсдөггүй байж гэдэг бодол бий?
-Хүн болгоны сэтгэл зүрхэнд эх орноо гэсэн, үндэс угсаагаараа бахархах, түүх зан заншлаа дээдлэх үзэл байдаг болов уу. Мэдээж тэр нь зүрхнийх нь хаа нэгтээ чимээгүйхэн унтаа хэлбэрээр байдаг болов уу гэж боддог. Миний хувцсыг өмссөн эр эм, хөгшин, залуугүй Монгол хүн болж төрснөөрөө бахархах, өөрөөрөө омогших, өөрийгөө үнэлэх мэдрэмжтэй болдог тухайгаа надад ярьдаг. Мэдээж би ч тэр мэдрэхүйг сэрээх гэж энэхүү дээл хувцсыг урлаж байгаа юм шүү дээ. Тэр хүн сайхан дээл хувцсаа өмсөөд Монгол хүн болж төрснөөрөө, эх орноороо бахархаж, өөрөө өөртөө эзэн болж амьдарвал миний хувцас урлаж байгаагийн гавъяа тэр.
С.ЖАВХЛАН ГАВЪЯАТ Л НАМАЙГ УРАМШУУЛЖ ЗОРИГЖУУЛСАН
Дээр үед хөдөөний айлууд уул, уулын мухарт өвөлждөг байв. Уранцэцэгийн аавынх ч бас л нэг уулын аманд ганц гэрээр өвөлжиж ээж нь өдөрт малынхаа ажлын хажуугаар төрөл бүрийн хээ урлан оёдлын машин тачигнуулан суудаг байсан нь бяцхан охины нүдийг нээж, хожим хойно Монгол түмний хайрыг булаасан үйлчин болгох юм гэж хэн саналаа. Бурхны зурсан зураг ч юм уу байгалиас өгч буй өгөгдөл ч юм уу түүнд монгол дээлийг урд өмнө нь хаана ч хэзээ ч урлаж байгаагүйгээр урлах санаа дотроос нь хатгаж энд ч нэг очиж тэнд ч нэг очиж оёулах гэсэн боловч сэтгэлд нь таарах урлалыг хэн ч гаргаж өгөхгүй байлаа. Иймд тэрбээр өөрөө хийхээр шийдэж зургаа төлөвлөж байх үедээ санамсаргүй тохиолоор гавъяат С.Жавхлантай таарснаар урлан бүтээх тэр санаа нь батажсан аж. Учир нь гавъяат жүжигчин маань зөвхөн өөртөө л үйл урлаж өөрийнхөө л өмсгөлийг хийдэг байсан жирийн нэгэн бүсгүйд амьдралыг нь өөрчлөх боломжийг олгосон гэдэг. “Чи ямар ч байсан дээлээ хийчих, би тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийнэ, надад таалагдвал тайзан дээр өмсөнө, таалагдахгүй байсан ч авна” гэсний дагуу хэдэн өдөр шөнө сууж байж гараас гаргасан дээлийг нь өмсөөд толины өмнө зогссон гавъяат “Энэ дээлийг өмссөн чинь үгээр хэлэхийн аргагүй, тийм гэхийн тэмдэггүй мэдрэмж төрж, өөрөөрөө бахархах сэтгэл төрж байна” хэмээсэн нь түүнд үүнээс буцах зам үгүй шүү гэдгийг бататгаж өгсөн байна. Энэ цаг үеэс гавъяат С.Жавхлан “ХАМАГ МОНГОЛ” төслийн бүх хүмүүсийн дээл хувцас, эдлэлийг урлах даалгавар өгч Уранцэцэг ч таван өөр ястан үндэстний зан заншил, ахуйг тусгасан бүтээл гаргах гэж өөрөөс гарч болох бүх авъяасаа гаргасан гэдэг. Урлах үйл рүү ийнхүү түүнийг эргэлт буцалтгүйгээр чиглүүлсэн хүнээ тэрбээр өнөөдрийг хүртэл шүтэж буй гэдгээ нуугаагүй юм.
ҮР ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭЖ БАЙГАА БҮСГҮЙЧҮҮД ХУУЛААД Ч БОЛОВ УРЛАЖ Л БАЙГ
Эртний монгол хийцийн дээлийг хаа сайгүй хийгээд байна гэсэн мэдээлэл надад ирдэг. Надтай адилхан үр хүүхдээ тэжээх гээд зүтгэж яваа эмэгтэйчүүдийгээ би миний бүтээлийг хуулаад ч болтугай талхныхаа мөнгийг олж байгаад огтхон ч буруутгаж боддоггүй. Харин Дулмаа, Долгор өөр хэн ч байна уу тэр бүтээлд өөрийн гэсэн өнгө аяс, загвараа тусгаад улам чанаржуулаад яваасай гэж хүсдэг. Тэгэх юм бол “Эртний монгол хийц” маань улам төгөлдөржиж, улам төгс загвартай бүтээл гарах болов уу гэж хувьдаа боддог. Тэрнээс ийм цөөхөн монголчууд байж одоо та нар боль, битгий гэж би хэлэхгүй. Манай эцэг эхчүүд талхныхаа мөнгийг олохын тулд өглөө хар нүд хуу татаад ажилдаа явцгааж байна. Ийм хүнд нөхцөлд байдалд би ганцаараа сайхан байгаад яах вэ дээ гэдгээ үйлчин бүсгүй маань онцолсон.
УЧИГ БОЛГОНДОО ЕРӨӨЛ ШИВНЭЖ УРЛАДАГ БОЛОХООР ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРДЭГ БАЙХ
-Та нягтлан бодогч байсан гэсэн. Цаг хугацааны хувьд арай эрт урлангаа байгуулсан бол гэсэн бодол төрдөг үү?
-Болох ёстой зүйл жам ёсныхоо дагуу болж байна гэж би боддог. Миний хувьд сургууль соёлоо төгсөөд, нягтлан бодогч мэргэжил эзэмшээд, тодорхой хэмжээгээр ажиллаж, бас бизнес хийж, гадагшаа дотогшоо явж нүд тайлсан үедээ л ийм урлан байгуулъя гэсэн санаан дээр эхэлсэн. Магадгүй үүнээс өмнө эхэлсэн бол өнөөдрийнх шиг байхгүй ч байх байсан юм билүү. Бүх зүйл цаг хугацаандаа л болдог ёсоор болж байна. Миний хувьд дээл хувцсаа урлаж байж аз жаргалтай болдог. Хэрийн хүн над шиг дуртай ажлаа хийгээд, үүнээсээ сэтгэл ханамж авч амьдарч чадахгүй байгаа болов уу.
-Танайхыг олж ирэхэд амаргүй юм?
-Би хүн амьтан бужигнахгүй, тайван намуухан, агаартай газар суугаад л бүтээлээ хийх дуртай. Ийм ахуй, ийм орчин надад урам зориг, шинэ санаа оноо өгдөг. Тэгээд ч миний хувьд би энд байна шүү гэж барагтай бол зарладаггүй. Миний хувцсыг авах ёстой хүн тэртэй тэргүй өөрөө хүрээд ирдэг юм. Эхлээд яаруу сандруу явна гээд бараг ороод гарах төдий гэдэг бол нэгэнт л ороод ирсэн бол хоёр гурван цаг болоод сатаараад, хувцас хунараа захиалаад явдаг юм. /инээв/
-Та урлаач гэхээсээ илүү соён гэгээрүүлэгч нэгэн бололтой. Ер Монгол үндэснийхээ хувцас, соёлын талаар яриа лекц хийх хүсэл бий юу?
-Миний хувьд Монголын үндэсний зан заншил, уламжлал, хувцасны соёлын талаар тусгасан үүнээс том гэр урлан бариад бараг бэлэн болж байна. Энэ урланд орж ирсэн хүнд монгол ахуйгаа үзэж танилцах, эд хэрэглэл нь ямар учир жанцантай болох, хувцасны соёл гэж юу байдаг, дээл хэрхэн эсгэх, товч шилбэ яаж хаддаг гээд олон зүйлийг заах санаа байгаа. Мөн манай урлангаар айлчилж ирсэн хүнд сайхан сүүтэй цайгаа чанаад цайны үүх түүх, хэрэглээ, ач холбогдлын талаар зааж сургах, дайлах гээд олон зүйл бодож байна. Ер нь яваандаа ерөнхий боловсролын аль нэг сургуультай гэрээ хийгээд Монгол ахуй уламжлалаа сурталчилсан, төгсөх ангийн хүүхдүүд, оюутнуудад лекц унших сонирхол бий. Одоо эцэг эхчүүд талхныхаа мөнгийг олох гээд хүүхдээ умартаад ажиллаж байна. Ингэж өсөж байгаа хүүхдүүд юун үндэсний монгол зан заншил, ёс заншил, ёс дэг, хүнийг хайрлах ухаан. Тэдэнд үйл хөдөлмөрийн утга учрыг ухуулан тайлбарлахад хүчин зүтгэнэ гэсэн бодол бий.
-Та урлаж байгаа дээл бүхэндээ ерөөл шингээдэг гэж хэлэх шиг боллоо. Түүний утга учир нь юу юм бэ?
-Миний хувьд дээлээ урлахдаа энэ хувцас нь эдэлсэн эзэндээ урт удаан хугацаанд эдлэгдэж, хамгийн өмсөх дуртай хувцас нь байх болтугай гэсэн сэтгэлээ шингээдэг. Өглөө урландаа орж ирээд л охидууддаа алив хурдал түргэл, наадахаа дуусга гээд мөнгөний төлөө хэзээ ч улайрч байгаагүй. Урлаж байгаа бүтээлдээ аль болох хайраа шингээж оёж байгаарай гэж захидаг. Үнэхээр ч гоё, сайхан оёх юм бол дээлээ аваад харьсан хүн гэртээ очоод дахин дахин үзэж учиг, шидээсийг нь хүртэл илж таалж бахархаж, омогшино. Тэр энерги нь та нарт ирнэ шүү гэж байнга захидаг даа.
ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛСӨН ШОУ ЗОХИОН БАЙГУУЛНА
О.Уранцэцэг захирлын дараагийн нэг мөрөөдөл бол бүх төвшний хүмүүст зориулсан загварын шоу хийх. Тэрбээр “Туранхай гэхээсээ илүү мяраалаг хүүхнүүдэд дээл маш гоё, зохимжтой харагддаг. Нарийнхан бүсгүйчүүд л тайзан дээр алхдаг гэх нийтийн хандлагыг өөрчилж бүх хүнд тохирсон загварын дээл урлах бодолтой байгаа. Эхнээсээ ч тэгж л эхэлсэн байгаа. Саяхан гавъяат Сосорбарам ахтай нэг нэвтрүүлэгт ороод энэ талаараа ярьсан чинь дараа нь настай хүмүүс утасдаж “Зөв ярьж байна. Шоугаа хурдхан хийгээрэй” гэсэн. Иймд ойрын хугацаанд энэ шоугаа хийж олон хүнийг баярлуулах бодолтой байгаа” хэмээн өгүүлсэн юм.
2018 оны 5-р сар